УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, ХҮН-ын төлөөлөл Т.Доржханд нар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар буюу УИХ-ын гишүүдийн тоог 126, тогтолцоог 60:40  байх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн талаараа мэдээлэл хийсэн бөгөөд гишүүдийн тоонд санал нэгдсэн ч ард түмний саналыг авах тул эцсийн тогтсон тоо гэж болохгүйг онцоллоо.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ хоёр үндсэн зарчим баримталдаг. Ингэхийг ч журмын хууль шаарддаг. Нэгт, олон нийтийн санал бодлыг сонсож тусгах. УИХ-ын гишүүд өнгөрсөн 7 хоногт орон нутагт ажиллахад иргэд уулзалт бүрд холимог тогтолцоог дэмжиж байгаа нь харагдсан. Тиймээс холимог тогтолцоо байлгая гэдэг чиглэлд тулгуурлан ярьж байна. Гэхдээ мажоритар нь бага зэрэг давуу байвал буюу тойргийн төлөөлөл давуу байвал гэсэн санал байна.

Иргэд 152 гэсэн тоог дэмжихгүй байгаа бөгөөд тоог бууруулах ёстой гэж үзэж байгаа тул намын төлөөллүүд ярилцаад АН-ын ярьж буй 60:40 саналыг авч, ХҮН-ын төлөөллийн тавьж буй санал болох 50:50 болон нэр цэвэр шударга хүмүүсийг жагсаалтаар оруулах ёстой гэдгийг ярилцлаа. Ингээд гишүүдийн тоог 126 болгох, тойргоос сонгогдох нь 76, хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох нь 50 байхаар тогтож, УИХ-ын чуулганд оролцуулан хэлэлцүүлэхээр боллоо.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, ард нийтийн санал асуулгыг явуулж буй бөгөөд гишүүдийн иргэдээс авч буй саналын тоо одоогоор нэгтгэгдээгүй байгаа гэдгийг хэллээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Үндсэн хуулийн өөрчлөлтөд тал талдаа анхаарах зүйлс бий. Тоо нэмэхээр бүх зүйл сайхан болох гэж байгаа юм шиг хэт өндөр хүлээлт тавьдаг байдлаа анхаарах хэрэгтэй. Манай нам, бүлгээс өөрийн гэсэн байр суурьтай орж ирсээр байна. Хүний эрхийг хангах, шүүхийг хараад бус болгох зэрэг 5 бүлэг 18 саналыг оруулсан. Тогтолцооноос бусад нь орсонгүй. Цаашид үүнд анхаарч болно. Бид цаазын ялыг үгүй болгох, яамдын тооны дээд хязгаар тогтоох гэсэн тодорхой саналуудыг тавьсан.

ХҮН намын дарга Т.Доржханд: Нэр цэвэр, шударга хүмүүсийг жагсаалтад оруулах асуудлаар намуудтай зөвшилцөж байгаа бөгөөд МАН гарын үсэг зурж, АН-ыг хүлээж байна. 

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн