Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улс орныхоо нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих хөгжлийн санаачилга биеллээ олж, улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хөдөлгөөн ид өрнөж байгаа бөгөөд “Улаанбаатар Гурил” ХХК энэхүү хөдөлгөөнд нэгдлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улаанбаатар Гурил компанийн Дархан хот дахь үйлдвэрээр зочлох үедээ нийт ажилтнуудад хандан “Хүнс үйлдвэрлэгч Та бүхэн хүнсний салбарт манлайлал үзүүлж, дотоодын зах зээлийг эрүүл чанартай хүнсээр хангаж, импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйд талархал илэрхийлье. Та бүхний бүтээж байгаа ажил хөдөлмөрөөр тань Монгол Улсын төр засаг, ард түмэн бахархаж байгаагаа илэрхийлье” хэмээгээд Их эзэн Чингис хааны хөрөг зургийг дурсгал болгон бэлэглэлээ.
“ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хөдөлгөөний хүрээнд “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох” юм байна.
Энэ хүрээнд өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд, үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих, үйл ажиллагаанд нь чирэгдэл учруулж буй аливаа асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг болох ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Улаанбаатар Гурил компани нь хамгийн сайн сортын үр тариаг, хамгийн сүүлийн үеийн эко горимтой Алапала брэндийн босоо технологиор, өндөр чанартай гурилыг үйлдвэрлэж байна. Уг технологи нь 100 хувь автомат бөгөөд цахилгаан зарцуулалтыг 25%, усыг 12% хэмнэдэг байгальд ээлтэй шийдэл юм. Тус компани нь 21 аймагт байрлах 4,000 харилцагчдаар дамжуулан эрүүл мэндийн болон үндсэн ангилал бүхий 10 гаруй төрлийн гурил болон дайвар бүтээгдэхүүнийг Монгол орон даяар нийлүүлэн ажиллаж байна.