1950 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдрийг Европын Холбоо, түүний гишүүн орнууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа төлөөлөгчийн газрууд “Европын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Үүний дагуу Монгол Улсад суугаа Европын холбооны төлөөлөгчийн газраас энэ сарын 14-ны өдөр “Европын өдөрлөг-2023”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгт Европын холбооны санхүүжилтээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй нийт 70 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд үүний нэг нь Монгол дахь Конрад-Аденауэр-Сан /КАС/ байлаа.
Монгол дахь КАС нь энэ удаагийн өдөрлөгт Монгол дахь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих зорилтын хүрээнд МУИС-ын Шинжлэх ухааны сургуультай хамтран хэрэгжүүлдэг “Улс төрийн мэдээлэл, харилцаа” магистрын хөтөлбөр, “Орон Нутгийн Байгаль Орчны Манлайлал” хөтөлбөр, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хүсэлтэй улс төр, нийгмийн идэвх, оролцоотой эмэгтэйчүүдэд зориулагдсан “Эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрөө тус тус танилцуулсан бөгөөд “Xиймэл оюун уxаан: Хүн төрөлхтний түүх 1990-2023” галерей болон Монгол дахь КАС-гийн 30 жилийн ойг тохиолдуулан гаргаж буй зургийн цоморлогоо танилцуулсан юм.
Энэхүү үйл ажиллагааны тухай Элчин сайд Аксель Никэйз хэлэхдээ, “Европын өдрийг Монгол Улсад тэмдэглэх үүнээс илүү сайхан боломж бий гэж үү? Европын Холбоо, гишүүн орнуудын соёл уламжлал, туршлага, бүтээгдэхүүнийг та бүхэнтэй хуваалцахдаа таатай байна. Энэ удаагийн өдөрлөгөөр Европын Холбооны гишүүн орны Элчин сайд нар болон уран бүтээлчид Монголыг зорин ирж байгааг онцолмоор байна” хэмээв.
Энэ жилийн өдөрлөгийг нийгмийн сүлжээгээр шууд дамжуулсан тул Монгол Улсын өнцөг булан бүрээс Европын баялаг соёлтой танилцах боломжтой байсан гэдгээрээ онцлог байсан бөгөөд хүрэлцэн ирсэн иргэд Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийн авч эдгээр орнуудын соёл уламжлалтай танилцаж, үндэсний хоол, амттанаар дайлуулаж, хөгжөөнт тоглоом тоглож, урлагийн тоглолт үзсэн юм.