Улаанбаатар хотын замын нөхцөл байдал хүндэрсэн талаар олон нийт цахим орчинд шүүмжлэл өрнүүлж байна. Давсаа цацаж, халтиргааг арилгахыг Хотын дарга Д.Сумъяабазараас шаардав. Зүй ёсны шаардлага. Ажил хийх гэж асуудал шийдэх гэж, удирдлагаар хангах гэж өөрсдөө хүсэж дарга болцгоосон.
Гэхдээ нийслэлийн удирдлага бол ганц хүн биш. Албан тасалгаандаа халуун цай зөөлгөж уугаад, Хотын даргын ард нуугдаж байгаа өчнөөн “хувалз” бий. Нийслэл 9 дүүрэгтэй, бүгд Засан даргатай. Дүүргийн дарга нар яагаад дүлий царайлаад гүлдийгээд байгаа юм бэ. Тансаг өрөөндөө биш халтиргаатай зам руугаа гараач.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер гэж том дарга бас бий. Нөгөө 60 тэрбумын схемийн авторуудын нэг, Д.Ганболд гэж энэ хүн яагаад ажлаа хийхгүй нуугдаж тоглоод байна вэ. Суга царайлаад, суудалдаа шигдэх гэж ирсэн юмуу. Чадахгүй бол зайгаа тавиад зайлж тус болооч. Хотын аж ахуйн буюу зам талбайн цэвэрлэгээ, тохижилтыг Ерөнхий менежер ноён Д.Ганболд хар толгойгоороо хариуцдаг.
Д.Ганболд болон 9 дүүргийн Засаг дарга бүгд цалингаа бүтэн авдаг хэрнээ ажлаа хагас дутуу хийж байна. Энэ шударга ёс мөн үү. Хүн айж, нохой гасалмаар их цас орчихоогүй. Ажлаа хийж чадахгүй байгаа нуугдах донтой энэ дарга нараас ч бас хариуцлага нэхье. Уйлан дуугарч дарга болцгоочихоод улсын нийслэлийг сөнөөх эрх та нарт байхгүй.
Сэтгэл байвал замын мөсийг арилгаж болдог. Харин мөснөөс хүйтэн цэвдэг хандлагатай дарга нарыг яаж арилгах вэ?