2022 оны 12 дугаарын сарын 20-ны өдөр Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газраас тус эмнэлэгт долоон мянга орчим ам долларын өртөг бүхий хиймэл оюун ухааны суурилсан зүрхний цахилгаан бичлэг уншдаг дэвшилтэт технологийн төхөөрөмжийг хандиваар хүлээлгэн өглөө.
Тайваний Юү Шин Биомедикал компани болон Цэргийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хамтран зохион бүтээсэн энэхүү хиймэл оюун ухааны тусламжтай зүрхний цахилгаан бичлэг унших төхөөрөмж нь зүрхний цахилгаан бичлэгийг 10 секундэд уншиж хариуг гаргах бөгөөд нийтдээ 4000 мянга орчим зүрхний бичлэгийн өгөгдөл хадгалах, анализ хийх үүлэн тооцоолуурын технологт суурилсан оношилгооны хамгийн дэвшилтэт төхөөрөмжийн нэг болох юм.
Зүрх судасны бүхий л чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлж буй тус эмнэлгийн зөвлөх поликлиникт өдөрт ойролцоогоор 220 орчим зүрхний цахилгаан бичлэгийн үйл оношийн шинжилгээ хийгддэг бол эрчимт эмчилгээний зориулалттай 70 орчим оронд байнгын ажиллагаатай зүрхний үйл ажиллагааны хяналтын монитор ажиллаж байдаг. Энэ үүднээс үүлэн тооцоолуурын хүчин чадал ба мэдээлэл хадгалах нөөц чадамжаараа дээрх төхөөрөмж тус эмнэлэгээр үйлчлүүлэгч, эмчлүүлэгсдэд чухал ач холбогдолтой оношилгооны төхөөрөмж болох төдийгүй эмч нарын хувьд зүрхний үйл ажиллагаатай холбоотой аливаа өөрчлөлт, эмгэгийг эрт илрүүлж оношлоход оношилгооны чадавхийг нэмэгдүүлэх давуу боломжуудыг мөн бий болгож байна.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил болон ард түмний эрүүл мэндэд туйлын үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж буй Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, Тайваний Юү Шин Биомедикал компани, Цэргийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн хамт олонд тус эмнэлгээр үйлчлүүлэгч нийт ард иргэд, эмнэлгийн хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.