Техник, технологийн хөгжил хурдсаж, хүн төрөлхтний аж амьдрал улам л тав тухтай байдлыг эрэлхийлэх болжээ. Хүний сэтгэл гэхээс илүүтэй гоо зүйг таашаагсад энэ нийгмийг “тодорхойлох” болсноор хүнээс дутахгүй сайхан амьдрахыг хүссэн ажилгүй, амьдралгүй залуус их хотын гудамжаар дүүрэн. Ингээд бодохоор аав ээж, өвөө эмээгийн гэгддэг өмнөх нийгэм үнэхээр л сайхан байж.
Сав суулганаас авхуулаад гyтал, чихрээ дотооддоо үйлдвэрлэчихдэг, мөнгө гэдэг мөнгө шиг, Өр, зээл гэдэг дэлгүүрийн эзний алга дарам өврийн дэвтрээр л хэмжигддэг цаг үe байж дээ. Тэгвэл залуу хүний нүдээр өнөө цаг үеийг товчхон дүгнэхэд ажил хийж олсон хэдэн төгрөг нь сар идэж хүрдэггүй, өрнөөс өрний хооронд, сарын цалин, амралтын өдрөө санчигтаа буурал суутал хүлээгсэд энэ нийгмийг тодорхойлж байна.
Цалин, ипотек, хэрэглээний зээл, хувийн шугамаар ах дүү, амраг садан найз нөхдөөсөө хэдэн төгрөг зээлсэн, форекс арилжаа хийж байгаа, спорт мөрий тавьсан, койн авсан гэх xүмүүc хаа сайгүй. Арай өнгөтэй, өөдтэй амьдарч яваа ах эгч нарын өгч буй эхний зөвлөгөө нь “Монголоосоо явж чадахаар бол эртхэн л явсан нь дээр”. Yүнд чухам хэн буруутай юм бол?
Баримт 1: “Анхандаа 20 мянган төгрөгөөр сонирхох маягтай тоглож үзээд 150 мянган төгрөг болгосон. Хүмүүс ч алдсанаасаа илүүтэй хожсоноо ярих нь элбэг байсан учир энэ мэт бага, багаар ашиг хийгээд явбал өдрийн хоолны мөнгөнд санаа зовохгүй юм шиг санагдсан” хэмээн ярьж буй залууг Х гэдэг. Тэрээр ШУТИС-ийн оюутан. Одоо 3 дугаар курс байх ёстой ч сургалтын төлбөр, түрээсийн байрны хэдэн төгрөгөөрөө цахим покер тоглоод дуусгажээ. Хэдэн найз нөхдөдөө ч нэлээдгүй өртэй, дүн өвлийн хүйтнээр орох орон, очих хаяггүй болсон тэрээр найзындаа толгой хорогдож байгаа аж. Харья гэсэн ч хөдөө мал дээр байгаа хоёр хөгшнөө бодохоор өөрөөсөө ичсэндээ явж чаддаггүй. Ирэх жилээс сургyульдаа сурахгүй, өр ширээ дарчихвал Солонгос гарч ажиллана. Өвөл болж гадаа хүйт орсон учир арай өндөр цалинтай гэх барилгын ажил нь зогссон.
Одоо шөнийн цагаар караокед зөөгч хийж нэг гараандаа 30 мянган төгрөг олдог. Хэдий сар амралтгүй зүтгээд сая орчим төгрөг олдог ч ихэнхийг нь өр зээлдээ өгөөд дуусдаг. Хоол унаанд 100 мянган төгрөг илүүчилж үлддэг ч тэр нь хаана ч хүрдэггүй хэмээн санаа алдана. Энэ мэт тохиолдлууд сүүлийн жилүүдэд манай улсад цөөнгүй тохиолдох боллоо. Түүн шиг азандаа найдаж, амьдралаа сүйрүүлж буй залуусыг их сургyулийн гудамжнаас эхлээд өндөр шилэн оффисоос ч харж болно.
Дан ганц залуу үе бус найман настнаас наян настай буурал хүртлээ их бага хэмжээгээр мөрийтэй тоглоомд донтож байна. Учир шалтгаан нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн арга хайсны гор юм. Монголчууд яагаад ийм болчихов, хариуцлага хүлээх хүмүүс хэн юм бол хэмээх асуултын хариулт нийгэм өөрөө болж таарч байх шиг. Мэдлэг боловсролтой олон зуун мянган дагагчтай нөлөө бүхий xүмүүc нь хүртэл элдэв койн, хувьцаа ярьж, мөрийтэй тоглож биднийгээ “тархидсаар”. Төр, чөлөөт бизнес эрхлэгчид ч ялгаагүй баялаг бүтээхээсээ илүүтэй хүүтэй зээл олгож нэгнээ холгож хөлжсөөр.
Энгийн нэгэн жишээ, та цахим орчинд тодорхой цагийг өнгөрүүлдэг бол гар утасны жижиг зээлээс авхуулаад бүх төрлийн зээл авах шийдлүүдийг танд чатаар болон үүрэн телефоны оператораас цаг тутам ямар нэг байдлаар санал болгож байгааг харж болно. Өнөөг хүртэл бид амьдрал хайр дээр тогтдог гэж дуулдаг байсан ч одоо өр зээлэн дээр тогтдог болохыг харж байна.
Энэ мэт нийгэмд амьдарч байгаа дээр нэмээд нэмэлт орлого олох сэдлээр мөрий тавих нь таны амьдралыг эргэлт буцалтгүйгээр сүйрүүлж болно гэдгийг ахин нэг тунгаагаад үзээрэй,
Баримт 2: Түүнийг А гэдэг, 62 настай тэтгэврийн хөгшин. 3алуу насандаа төрд ажиллаж дадлагажигчаас хэлтсийн дарга хүртэлх албан тушаалд хүрч, төр түшилцэж явсан нэгэн. Өдгөө үр хүүхэд, ач зээ нар нийлсэн өнөр өтгөн гэр бүлтэй. Yp хүүхдүүд нь бүгд биеэ дааж амьдрал ахуйгаа төвхнүүлсан учир тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө асуудалгүй амьдралаа аваад явчихдаг байсан гэнэ. Гэрт хийх юм олдохгүй, гараад ажил хийе гэсэн ч энэ насны хүмүүсийг ажилд авдаг байгyуллага байхгүй учраас телевизийн хэдэн сувгаа өдөржин эргүүлдэн өнждөг байжээ. Ингэж суухдаа зар сурталчилгаа, реклам, бараа бүтээгдэхүүний сувагт цагаа үрж эхэлсэн байна. Улмаар телевизийн жижиг сугалаа тохиролд оролцоод хүүхдийн тэрэг хожиж ач хүүдээ өгснөөр бүх зүйл эхэлсэн гэв. Ийнхүү тэтгэврээс авдаг сая төгрөгөө бүхэлд нь сугалаанд зарцуулж, сүүлдээ үр хүүхдүүдээсээ хэрэглээний мөнгөө бага багаар авч эхэлжээ. Урьд өмнө нь ерөөс мөнгө гэдэггүй, гэрт нь очиход элбэг дэлбэг суудаг байсан хөгшин тавган дээр тавих ч чихэргүй болоход хүүхдүүд нь сэжиглэж, аажимдаа энэ явдлыг нь мэдсэн хэмээн ярьж байсан юм.
Баримт 3: Тэрээр уул уурхайн компанид ажилладаг, эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг 30 гаран насны залуу. Анх койн гарахад итгэл хүлээлгэж худалдаж аваагүй ч ажлын газрын залуу нь 15 сая төгрөгөөр арилжаа хийж 6 сарын дараагаар 100 гаран сая төгрөг болгож аваад байраа сольсныг өөрийн нүдээр харжээ. Энэ мэт эргэн тойрны xүмүүc их, бага хэмжээгээр мөнгөө өсгөж байгаа нь бодит жишээ болсон учир өөрийн эзэмшлийн машинаа зарж 20 сая төгрөгөөр койнд, 10-аад сая төгрөгөөр форексд хөрөнгө оруулсан байна. Гэтэл форекс арилжаанд оруулсан 10 сая төгрөг нь алга урвуулахын хооронд унаж 2-хон сая төгрөг л үлджээ. Нэгэнт алдсан учир мань эр койноороо шархаа нөхнө гэж сэтгэсэн ч мөн л адил хэдхэн хоногийн дараагаар ханш нь эрчимтэй унаж xүмүүc олноороо арилжих хүсэлт өгч эхэлжээ. Машинаа зарж ашиг хийж амьдралаа дээшлүүлнэ, бараг долларын саятан болно гэсэн амбицтайгаар эхлүүлсэн ч анх байсан З0 сая төгрөгөөс 3 үлдсэн. Түүнийгээ ойр зуур хэрэглээнд өгөөд дууссан гэсэн юм.
Мөн та бидний хамгийн сайн мэдэх жишээ бол ”Бэлтэс мөрөн” ХХК 15-100 хувь хүүтэй мөнгийг 13 мянга гаруй иргэнээс татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байдаг. Сүүлийн үед спорт тэмцээний мөрий тавьдаг “1xbet” нэртэй Кипр Улсад бүртгэлтэй орос эзэдтэй сайт Монголчуудын жижиг, том арга хэмжээ, бизнесүүдийн ивээн тэтгэгчээр ажиллах нь түгээмэл болж.
Энэ нь тэр хэрээр Монголчуудаас үр шимээ хүртдэг болохын илрэл юм. Албан бус тоогоор спорт мөрий гэсэн нэрийдлээр Монгол Улсаас нэг сарын хугацаанд хэдэн тэрбумаар хэмжигдэх валют ОХУ-руу урсдаг мэдээлэл байдаг. Yүний золиос нь ихэвчлэн 16-25 насны залуус байх нь бүр ч эмгэнэлтэй. Чимээгүй дон гэгдэж буй спорт бооцоо, покер нь сэтгэл зүй, бие махбодын болон санхүүгийн хохирол дагyулдаг. Улмаар амьдралаа сүйрүүлж архи дарсанд орох, амиа хорлох үйлдлүүдийг дагуулдаг. Та санхүүгийн болоод сэтгэл зүйн хувьд тогтворгүй, арилжаа хийж, мөрий тавьж сураагүй бол энэ зүйлээс эртхэн татгалз гэж хэлмээр байна. Мөнгө олж чаддаг, мэргэшсэн xүмүүc байдаг ч тэдгээр нь өндөр түвшний судалгаа, мэдлэг чадварын үндсэн дээр мэргэжлийн түвшинд тоглодог хүмүүс гэдгийг та надаар хэлүүлэлгүй мэдэж байгаа гэж найдаж байна. Мөрийнд донтсон хүмүүс амьдралаа алдаж байж зогсдог. Алдах тусмаа буцаагаад олно гэсэн сэтгэхүйгээр тоглосоор, алдсаар байдаг.
О. Насантогтох
Эх сурвалж: “Соёмбо” сонин