Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, БОАЖ-ын яамны цахим хуудасаар санал авахаар байршуулсан. Мөн ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолын төсөлд дуудлага худалдаагаар агнуулах зохицуулалтыг тусгаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулж амьтан хамгааллын иргэний нийгэмлэгийн байгууллагын төлөөлөл, амьтан судлаач, эрдэмтэн “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
Амьтдын тоо толгойн өсөлт, бууралт нь түүний амьдрах орчин, тархац нутгийн бүрэн бүтэн байдал, зохистой ашиглалт хамагаалалтын цогц бодлоготой шууд хамааралтай байдаг. Улсын төсөвт хөрөнгө олох зорилгоор дуудлага худалдаагаар зарах нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. 2012 оноос хэрэгжиж үр дүнгээ өгч байгаа өнөөдрийн тогтолцоог бүрэн устгасан аж. Тиймээс амьтан хамгааллыг эзэнгүй болгож, агнуурын ховор амьтны нөөцөд нөхөж баршгүй хохирол дагуулахаар байна хэмээн судлаач, төлөөллүүд үзсэн юм. Иймээс тэд Монгол Улс амьтны бүх төрлийн худалдаанаас татгалзахыг уриаллаа.
ХААИС-ийн багш Э.Магсаржав “ Сүүлийн 10 жилд амьтан хамгаалал, зохистой ашиглалтыг нэг шугаманд зэрэгцүүлэхээр тогтоож буй төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ёстой. Гэтэл энэ тогтолцоог нурааж, төр нь амьтныг хамгаалах үүргээ гээж, амьтдыг дуудлага худалдаагаар зарж мөнгө олохоор бэлдэж байна. Тиймээс ард түмний эрх мэдэлд байсан хамгаалал, зохистой ашиглалтын эрх, үүргийг таслан зогсоож, гадаад дотоодын мөнгөтэй хэсэг бүлэг этгээдийн ашиг олох хэрэгсэл болгохоор завдаж байна” гэлээ.