УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнд: 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт түүн дотор Ногоон хөгжил буюу байгаль, орчин агаарын бохирдлын талаар амалсан амлалтууд, Газрын тухай багц хууль түүний дагалдах хуулиудын талаар сонсож байр сууриа нэгтгэсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “МАН агаарын бохирдлыг бууруулна гэж амласан. Улаанбаатар хотын иргэд РМ2/5 бохирдлын хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөж буй төвшнөөс 27 дахин их агаагаар амьсгалж байна. Дөнгөж сая авсан мэдээллээр хорт PM 2.5 тоосонцор Баянхошуунд 324 буюу АЮУЛТАЙ, Арвайхээр хотод 263 МАШ МУУ, Завхан аймгийн төвд 381 буюу АЮУЛТАЙ хэмжээнд хүрсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд нас баралтын 10 хүн тутмын нэг нь утаа, тоосонцороос болж амиа алдаж байгаа гэдэг судалгааг эрдэмтэл гаргажээ.
Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 54,3 хувь нь зөөврийн ус хэрэглэж байна. Инженерийн дэд бүтэц, айл өрх рүүгээ ундны цэвэр ус оруулах ажлыг хийгээгүй. Төлөвлөсөн ажилгүй өдрийг аргацаасан байдлаар явж 2,5 жил өнгөрлөө. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн хэмжээ өссөн. Энэ бол шууд утгаараа хавдар элэгний өвчлөл ихэснэ ээ гэсэн үг. Тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтад авсан газар нутгийг 25 хувьд хүргэнэ гэсэн. Тусгай хэрэгцээт газарт эрх мэдэлтнүүд газар авдаг жишиг үргэлжилж байна. Аялал жуулчлалын бүс нутгийн газрыг дарга нар авч байна” гэлээ.