УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. МАН-ын бүлэг хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар ипотекийн зээлийн асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, Ипотекийн зээл төлөлтийг ирэх долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулах асуудал яригдаж байсан. Тэгвэл цааш цаашдаа зээлийг хэвийн олгох үүднээс ипотекийн зээл төлөлтийг хойшлуулахгүй байхаар шийдвэрлэсэн гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Д.Тогтохсүрэн:
-Засгийн газар ирэх нэгдүгээр сарын 1-нээс төлөлтийг хэвийн үргэлжлүүлнэ гэх санал оруулж ирсэн. УИХ-ын ажлын хэсэг сунгах тухай асуудлыг нэлээн олон удаа ярьсан. Энэ нь дараа дараагийнхаа зээлэнд сөргөөр нөлөөлж байгаа учраас Засгийн газрын оруулж ирсэн саналаар явуулъя гэж ажлын хэсэг тогтоод, УИХ-д оруулаад, УИХ төрийн мөнгөний бодлогыг батлахдаа ипотекийн зээл төлөлтийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс хуучнаар нь буюу төлөө явахаар шийдвэрлэсэн.