Дархан-Уул аймгийн амралт, зуслангийн бүс нутаг болох Хонгор сумын хоёрдугаар баг Зулзагын гол зусланг хатуу хучилттай авто замаар холбогдох ажил хийгдэж байна. Тодруулбал Шарын гол Дархан сумыг холбосон хатуу хучилттай автозамын Аргалын гармаас хойд зүгт 13.8 км авто замын ажлыг эхлүүлсэн.
Уг авто замын ажлыг “Өсөх урам” ХХК гүйцэтгэж байна. Нийт замын 10.3 км нь Зулзагын голын гүүр хүртэлх зам бол 3.5 км зам нь нарсан ойг гарах хүртэлх зам ажээ. Одоогоор гүүр хоолойн болон далангийн ажлын 50 хувийг гүйцэтгэжээ. Гүйцэтгэгч компани энэ оны 7 дугаар сарын дундуур ажлаа эхлүүлсэн.Хүн, хүч, техникт гарсан сааталгүй графикийн дагуу гүйцэтгэж байна. Харин цементийн нийлүүлэлт удаашралтай байгаа аж. Автозам барих нэрийдлээр Зулзагын голын нарсан ойг сүйтгэж ургаа модыг үндсээр нь сугаллаа гэж зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байсан. Харин шинээр тавих авто замын ажлын траст орсон хэсэгт байсан 100 жилийн настай өвгөн нарсуудыг чөлөөлөн хашаажуулсан талбайд шинээр арван сая мод тарих ажээ.Ийнхүү Дарханчуудын амарч зугаалдаг ногоон бүсэд авто зам тавьж хүн машин зорчиход хүндрэлгүй болгох гэж байна.Замын ажлыг гүйцэтгэхэд элсэрхэг хөрс ихтэй тул тухайн хэсэгт хүчитгэх ажлыг хэрхэн хийх талаар зургийн компанитай зөвшилцөх аж. Энэ сарын 25-ны пүрэв гарагт авто замын ажлын зураг төслийн компани болон албаныхан дахин ажлын гүйцэтгэл явц, байдалтай танилцахаар ажээ.
MONTSAME