Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцуулав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрт илрүүлэг үзлэгтэй холбоотой мэдээлэл өглөө.
Тэрбээр “Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн урьдчилан сэргийлэх үзлэгт өнөөдрийн байдлаар 272,434 иргэн хамрагдаад байна. Эмнэлгийн хүчин чадлаас хамаарч өдөрт нэг эмнэлэгт 40-60 хүн урьдчилан сэргийлэх үзлэг хамруулахаар зохион байгуулсан. 20 аймаг, таван дүүрэгт эрүүл мэндийн дэмжих төвийг өнгөрсөн хугацаанд бэлдсэн. Нэг дэмжих төвийг байгуулахад улсын төсвөөс 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг бэлтгэн суурилуулж өгсөн. Ингэснээр орон нутагт үзлэг хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Одоогоор сумдад урьдчилан сэргийлэх үзлэгийг хийх боломжгүй. Учир нь сумын эрүүл мэндийн төвд хүний нөөц, тоног төхөөрөмж хангалтгүй байдаг” гэлээ.