Хэзээ хүнтэй суух вэ, дахиж төрөх үү, одоо хэзээ хүү гаргах гэж байна, ганц хүүхэд төрүүлээч, хэзээ охинтой болох гэж байна гэсэн элдэв сонин асуудлуудтай эмэгтэй хүн бүр тулгардаг. Цагаан сараар хамаатнуудын дунд энэхүү яриа хөвөрч эхэлдэг. Найзынхаа хүүтэй танилцуулах, өмнөөс амьдралын асуудлыг шийдвэрлэх дуртай хүмүүс эргэн тойронд их байдаг биз. Надад ч гэсэн ялгаагүй одонтой ээж болооч гэх хэрэгт дуртай хүмүүсийн хүсэлт ирээд дөрвөн жилийн нүүрийг үзэж байна.
Миний хувьд цаг нь болоогүй гэж бодсон тул одонгийн хүүхдээ түр хүлээсэн нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан юм. Мэдээж бэлэн биш байна. Нөгөө талаас сэтгэл зүй, ажил мэргэжлийн хувьд хийхээр төлөвлөсөн ажил бий учраас тэр. Үүний үр дүнд “бага хүүгээ ганцаардуулсан” гэдэг нэр зүүх болсон юм. Эмэгтэй хүний амьдрал хоёр зурааснаас эхэлдэг гэдэгтэй хүн бүр санал нийлэх болов уу? Харин энэхүү амьдралын шилжилтэд бэлэн байх уу, баяртайгаар хоёр зураасыг хүлээж авах уу гэдэг нь чухал шийдвэр болдог.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” -ийн I, II одонг гардуулж өгдөг. Гурван охин төрүүлсэн эхийг Уран бэр, гурван хүү төрүүлсэн бол Дархан бэр гэсэн алдрыг хүртдэг уламжлал Монголчуудад бий. Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн үнэнч шагнал гэж тодорхойлох хэсэг бүлгийг ч үгүйсгэхгүй. Харин энэ бол жендерийн эрх тэгш байдлыг зөрчиж, ялгаварлан гадуурхаж буй үйлдэл хэмээн үзэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Буруу зөвийг дэнслэх бус бодит байдлыг харуулах зорилгоор энэхүү нийтлэлийг эхлүүлж сууна. Хүний амьдрал эрээнтэй бараантай, уулын мод урт богино байдагтай адил бидний туулах зам, өгсөх жим бүхэн адилгүй билээ.
Яг над шиг гурван хүүхэдтэй хэдий ч одон авах талаар ижил байр суурьтай Б.Баярмаатай ярилцсан юм. Түүний хариулт үнэхээр сонирхолтой санагдсан юм.
“Би тэнэгээрээ дуусах байх”
Зуны налгар өдрүүд үргэлжлэн нар дээрээс төөнөнө, бүлээн салхи хацар үнсэж бүгчим мэдрэмжийг төрүүлж байлаа. “Одонгийн хүүхдээ хэзээ гаргах вэ гэж болон хүн асуудаг тэр үед дотроо ямар ядаргаатай юм бэ” гэж боддог тухайгаа ярих бүсгүйг Б.Баярмаа гэдэг. Тэрбээр нөхөр, гурван хүүхдийн хамтаар Эрдэнэт хотод амьдардаг. Нямбайлсан шуусан үс, салхины сэвэлзээнд үнэртэх сүрчгийн үнэр тааламжтай мэдрэмж төрүүлж байсан юм.
Нөхөртэйгөө танилцсан цагаас хойш 10 гаруй жил аз жаргалтай амьдарч байна. Энэ хугацаанд гурван хүүхдийн аав ээж боллоо. Хоёр хүү, нэг охинтой. Хүүхдүүдээ том болгох гэж хичээсэн. Ажил хийж үзээгүй боловч жинхэнэ гэрийн эзэгтэйн хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна. Нөхрөө ар гэрийн бүх зүйлд битгий санаа зовоосой гэж хүсдэг. Гэртээ суух хэцүү байна уу, өөрийгөө бодоорой, ажил хийгээч, ингэж гэртээ суух юм бол дахиад төрөөч, одонгоо хэзээ авах вэ гэх мэтээр олон асуулт, захиран тушаасан эсхүл залхаан цээрлүүлсэн өнгө аяс ирнэ. Найз нөхөд, ойр хүмүүсээс ч тэр зарим нь санаа зовж хэлнэ, зарим нь өрөвдөнө. Энэ бүхэнд сүүлдээ бүр дасчихсан байна. Гурван хүүхэдтэй учраас заавал одонтой ээж болох ёстой гэсэн дүрэм, журам байхгүй шүү дээ. Заавал хүмүүсийн хүслийг гүйцээх, улиг болсон хэлц үгнүүдэд итгэдэг нас өнгөрчихсөн гэж өөрийгөө бодож байна. “Тэнэг хүн гурван хүүхэд төрүүлдэг” гэсэн би тэнэгээрээ л дуусах байх даа гэж боддог. Би өөрөө их сонин тайван төрлийн хүн. Заримдаа юу ч бодохгүй өдөржин орондоо хэвтэнэ, гэр орны ажил ч хийхгүй зурагт үзээд хэвтэнэ. Өөрийнхөөрөө л амьдарч яваа сонин дотоод ертөнцтэй гэж өөрийгөө хэлнэ. Эмэгтэй хүнд нэг тийм хор нь гарчихсан гэх юм уу нас байдаг даа. Би яг тэр насан дээрээ явна. Ажил хийхгүй гэртээ байх хэцүү байна гэж нэг ч удаа нөхөртөө гомдож үзээгүй. Сонин байгаа биз. Зүгээр одоо байгаа энэ амьдралдаа би хайртай. Юунд ч харамсдаггүй, гомдож цөхрөөд л уйлан дуугараад байх зүйл байхгүй. Хүүхдүүд том болчихсон учраас өөртөө гаргах зав их болсон. Чөлөөт цагаараа ном их уншина, дасгалд явж эхлээд өөрийгөө өөрчлөөд шинэ амьдралын хэв маягтай болж байна. Ер нь эмэгтэй хүн өөртөө хайртай байхад хүн бүр хайрлана. Тийм болохоор өөрийгөө стрессээ тайлах, хөгжүүлэх, хоббигоо олох ёстой гэж боддог. Өөрийгөө бүрэн таньчихсан байхад хэн юу гэх нь огтхон ч чухал биш гэдгээ ойлгочихно. Би нээрээ тэнэг хүн байх, нэг удаа нөхөртөө гэрт суух надад хэцүү байна гэж гомдож үзээгүй хүн дээ. Одонгоо авсан ээжүүдийн тухайд бахархмаар, хайр хүрмээр сэтгэл төрдөг. Эмэгтэй хүн чинь ээж болсон цагаасаа амьдралын дахин шинэ хуудсыг эхлүүлж өөр хүн болдог шүү дээ. Эмэгтэй хүн бүр өөрийн дотоод гоо үзэсгэлэнтэй учраас хүүхдийн тоо, нас, гадаад үзэмжээр нь дүгнэх нь одоо цагт бүдүүлэг үйлдэл болсон шүү дээ. Хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд минь та нар супер шүү.
Та бүхэн Баярмаагийн яриатай санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, дотоод ертөнцтэй байдаг. Хувь хүний хувийн амьдралыг хүндлэх нь наад захын соёл юм.
Түүх сөхвөл, алдарт эхийн одонг 1958 оноос эхлэн АИХТ-ийн зарлигаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд олгож эхэлсэн. Зөвхөн энэ онд гэхэд л Монгол улсын хэмжээнд 12,559 ээж “Алдарт эх” -ийн I, II одонгоор энгэрээ мялаахаар ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна.
“Одонгоо энгэртээ зүүх мөч бол ээж болсны утга, учир мэт санагдсан”
Тод улаан өнгөөр уруулаа будаж, үсээ задгайлан инээсээр алхах бүсгүйг Б.Нандинцэцэг гэнэ. Өөртөө итгэлтэй, шулуухан яриатай, сахилгагүй гэмээр байрын хүн санагдана. Нөхөр, дөрвөн хүүхдийн хамтаар Эрдэнэт хотноо амьдардаг. Одонгоо энгэртээ зүүх тэр мөчийн талаар бидний яриа эхэлсэн юм.
Тэрбээр хэлэхдээ:
Яг тайзан дээр гараад энгэртээ одон зүүх мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй байсан. Ойрын хамаатан, найзууд баяр хүргэж хэдэн өдөр бэлэгт умбасан сайхан мөч байсан. Тэр үед л бий дотроо бодож суулаа. Аан эмэгтэй хүний амьдралд тохиох хамгийн чухал мөч энэ байдаг юм байна гэж. Өмнө нь бол зурагтаар, цахим орчин дахь нийгмийн сүлжээнд одонтой ээжүүдийг хараад ямар гоё юм бэ гэх бахархмаар сэтгэгдэл төрж байсан. Яг өөрөө одон авах мэдрэмж, ээж болсны гавьяа байжээ гэж бодсон. Хүмүүсийн хувьд нэг тийм сонин ойлголт байдаг. Олон хүүхэдтэй учраас бэрхшээлтэй зүйл их байдаг, ажил хийх боломж хомс, өөртөө цаг гаргах боломжгүй гэх мэт. Миний хувьд бол хүүхдийн тоо нэхэгдэх тусам олоон ажил зэрэг хийх, цагаа зөв зарцуулах боломжтой санагддаг. Би дөрвөн хүүхэд төрүүлэхэд ажилгүй гэртээ суух үе байгаагүй. Мэдээж хадам ээж их тусалдаг байсан болохоор хүүхдээ хэнд харуулах вэ гэдэг зүйл тулгардаггүй. Ээжийн ажлаа хийнэ, хажуугаар нь нөхрөө халамжилна, сайн охин, бэр байх ёстой. Үүнээс гадна хувь Нандиаг орхигдуулж болохгүй шүү дээ. Найзуудтайгаа уулзана, дуулна, бүжиглэнэ өөртөө бол тултал цаг гаргаж чаддаг. Хүүхдүүддээ ч цаг заваа зарцуулж чанартай боловсрол олгоход анхаарч, хэн нэгнийг дутуу хайрлачих вий, гомдоох вий гэж эмээдэг. Хүн бүрийн туулах амьдрал өөр байдаг учраас зүгээр эмэгтэйчүүд минь өөрийнхөөрөө жаргаж амьдраарай л гэж хэлэх дуртай. Амьдрал өөрөө их баялаг, би өөрийгөө олон сайхан хүмүүстэй нөхөрлөж, хөдөлмөрийн үр шимийг хүртэж яваа азтай эмэгтэй гэж боддог. Хүүхэд бол аз жаргал, амьдралын хамгийн чухал утга учир нь байдаг. Эргэж хараад харамсахгүй байхын тулд зөв гэж бодсон зүйлээ хийж амьдардаг даа.
Эмэгтэйчүүд одонтой ч бай, нэг хоёр хүүхэдтэй ч бай хамаагүй хоёр зурааснаас эхэлдэг энэ л амьдралыг өөрсдөө бүтээж, өнгө будгаараа зурж, өөрийнхөөрөө байж чадвал жинхэнэ амьдралын утга учир тэнд л бий. Ээж хүн одон зүүх үүрэг хүлээх, хоёр охинтой бол хүү төрүүлэх, хүүтэй бол охинтой болох, залуудаа заавал хүүхэдтэй болох, ганц хүүхдээ дүүтэй болгох үүрэг хэний ч өмнө хүлээгээгүй. Амьдралын хууль хүн бүрд адилгүй заяадаг учраас хүүхэд төрүүлэх боломжгүй эмэгтэй хүн ч байж болно. Эхийн хайранд хүн бүрийн амьдралаас хайдаг өршөөл, ариусал, тав тух, хүч бий.
Энэхүү бүтээлийг АНУ-ын ОУХА-гийн “Эмэгтэйчүүд залуучуудын улс төр, сонгуулийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд Глоб Интернэшл төвөөс хэрэгжүүлж байгаа “Ментортой сэтгүүлч” хөтөлбөрийн хүрээнд бэлтгэв.
Эх сурвалж: “Эрдэнэ Инфо” сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Э.Одсүрэн