Тус аймгийн Тэс сум “Улсын тэргүүний сум”-ын болзол хангаж, батламжаа гардан авчээ.
“Монгол Улсын Тэргүүний сум”-ын шагналыг энэ сарын 20-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гардуулж баяр хүргэлээ. Энэ арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, Бригадын генерал Х.Лхагвасүрэн тэргүүтэй албаны хүмүүс, Тэс сумын иргэд оролцлоо.
Тэс сумыг БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1959 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор “Дэлгэрэх” нэгдлийн бааз сууринд тулгуурлан байгуулсан түүхтэй. Улмаар 1969 онд улс орон даяар өрнөсөн атар газар эзэмших аянтай холбогдуулан Тэс суманд Тэжээлийн аж ахуйг 33,0 мянган га эргэлтийн талбайтайгаар байгуулжээ. Социализмын их байгуулалтын он жилүүдэд ажилсаг хөдөлмөрч Тэс сумын ард түмний амжилт-ололтыг үнэлж, 1976 онд “Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгаруулан шагнаж байсан түүхтэй.
Ийнхүү түүхэн амжилтаа 46 жилийн дараа бататгаж “Монгол Улсын Тэргүүний сум”-аар шалгарсан байна.
Улсын тэргүүний Тэс сум нь 3000 орчим хүн амтай аймгийн хойд бүсийн томоохон сумдын нэг. Улаанбаатар хотоос 1107 км, аймгийн төвөөс 307 километрт оршдог. ОХУ-тай хаяа нийлэн оршдог нийт хүн амын 74 хувь нь сумын төвдөө амьдардаг.
ОХУ-тай байнгын нээлттэй хилийн боомт ажилладаг тул жилдээ 20-25 мянган зорчигч улсын хилээр нэвтэрч, бизнес арилжаа эрхэлдэг түр болон байнгын, дайран өнгөрөх зорчигч иргэдийн тоогоор хамгийн их сум юм. Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ыг нийслэлтэй холбосон олон улсын чанартай 35.6 км авто зам дайран өнгөрдөг. Олон улсын чанартай ОХУ-аас Монгол Улсыг дайран өнгөрөх босоо тэнхлэгийн замын чиглэл Нөмрөг сумаас Арцсуурийн хилийн боомт хүртэл 199 км хатуу хучилттай зам барьж буй.
Тэс сум нь аймагтаа хүн амын нягтрал хамгийн өндөр хоёр дахь сум юм.
Тодруулбал, нэг километр квадрат нутаг дэвсгэрт 3.2 хүн амьдардаг. Тэс нь залуучуудын сум. Учир нь нийт хүн амын 56.0 хувь нь залуу болон дунд насныхан, 37,5 хувь нь хүүхэд, 6,5 хувь нь ахмадууд байна. Тус сум 2021 онд 130940 толгой мал тоолуулснаас адуу 8598, үхэр 9786, тэмээ 68, хонь 60523, ямаа 51965 толгойг тус тус тоолуулжээ.
Өнөөдрийн байдлаар 586 малтай өрх, 416 малчин өрхтэй, 1000-аас дээш малтай 15 малчин байна. Сумандаа газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, 2021 онд 42.0 тонн төмс, 96.1 тонн хүнсний ногоо, 995.0 тонн хадлан, 1400.0 тонн тэжээлийн ургамал хураан авчээ. Мөн Тэсийн голын ай сав дагуу ургах байгалийн зэрлэг чацарганаараа алдартай сум аж. Өдгөө тус суманд байгалийн зэрлэг чацарганаа түшиглэсэн нутгийн брэнд чацарганын төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй.
MONTSAME