Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлаар салбарын сайд болон мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор сурагчийн формын асуудал ихээхэн яригдаж байна. Сайд маань өөрөө хоёрдмол утгатай үг хэлсэн нь ч үүнд нөлөөлсөн байх. Зарим сургуулийн эцэг эхчүүд “Сайд дүрэмт хувцас өмсөх хэрэггүй гэж хэлсэн” гэж ярьж байна. Тиймээс сурагчийн дүрэмт хувцсан дээр яам ямар байр баримталж байна вэ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Дүрэмт хувцаст яамны оролцоо гэж байхгүй. Ер нь дүрэмт хувцастай байх ёстой. КОВИД-ийн үед өрхийн орлого буурсан учраас заавал шинийг авах хэрэггүй.
Дүрэмт хувцсыг бүтнээр нь авахад их үнэтэй байдаг юм байна. Тэгэхээр заавал комоор нь авалгүй өмдөө ч юм уу цамцаа шинэчлээд явах нь эдийн засагт ашигтай зохицуулалт юм.
Нэг зүйлийг хатуу хэлэхэд хүүхдийн мөнгийг хүүхдэд нь зарцуулах ёстой. Хүүхдүүд сард 100 мянган, жилд 1.2 сая төгрөг авч байгаа шүү дээ.