Үндэсний бөхийн тавын давааны барилдааны өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон ЗХУ-ын Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Даяар дуурсагдах Далай Даян Дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, XX зууны Манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор домогт бөх Хорлоогийн Баянмөнхийн цолыг дуудаж, хүндэтгэл үзүүллээ.
Домогт аварга Х.Баянмөнх цолоо дуудуулж, наадмын зүлэг ногоон дэвжээндээ дэвэн шавж, наадамчин олонтойгоо мэндчилээд, төрийн есөн хөлт цагаан тугандаа мөргөн адис авсны дараа олон жилийн наадмаар өмсөж, хөлс хүч шингэсэн үндэсний бөхийн өмсгөлөө тайлж, зээ хүүдээ шилжүүлэн өглөө. Хүү нь өвөөгийнхөө баруун өвдгөн мөргөн адис авч, хүндэтгэл үзүүллээ.
Үндэсний их баяр наадамдаа 60 жил зодоглож, 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрсөн хүчит аваргын үр хүүхэд ач, зээ нар түүнд хүндэтгэл үзүүллээ. Мөн шавь нар болох үндэсний бөхийн Дархан аварга А.Сүхбат, Даян аварга Н.Батсуурь, Аварга Мөнхбат, Аварга П.Бүрэнтөгс нар багшдаа хүндэтгэл үзүүлж, алд шар хадаг өргөн барив.