ТӨРИЙН ДАЛБАА ЯАГААД ЧУХАЛ ВЭ? БИД ТҮҮХЭЭ СУДЛАХ ЁСТОЙ. ТЭГЭЭД ТҮҮНИЙГ УХАЖ ОЙЛГОХ ЁСТОЙ. БҮГДЭЭРЭЭ ТУСГААР УЛСЫН БЭЛГЭ ТЭМДЭГ БОЛСОН ТӨРИЙН ДАЛБААНЫХАА УТГА АГУУЛГЫГ УХАН ОЙЛГОЖ, ДЭЭДЛЭН ХҮНДЭТГЭЦГЭЭЕ!!!
Төрийн далбаа тухайн улс үндэстнийхээ хувьд асар чухал ач холбогдолтой, гүн гүнзгий утга санааг илэрхийлэхээс гадна тухайн орныхоо түүх соёлыг агуулж, олон улсад нүүр царай нь болж байдаг. Тиймээс бид ТӨРИЙН ДАЛБААН-ы ач холбогдол, гүн гүнзгий утга агуулга, бэлэгдлийг ойлгож, дээдлэн хүндэтгэж байх ёстой.
Түүхийн сурвалж бичигт хүртэл Төрийн далбаааны гүн гүнзгий утга санааг ийнхүү бичиж, тэмдэглэсэн байна. Тодруулбал, 1945 оны 7 дугаар сарын 7-ны орой Сталин Х.Чойбалсанд зориулсан зоог барьсан бөгөөд түүн дээрээ “Тусгаар тогтносон Монгол Улсын төлөө хэмээн тэмдэглэн хундага тулгасан” байна.
Энэ айлчлалаас эх орондоо буцаж ирүүт маргааш нь буюу 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Х.Чойбалсан БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ. Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо:
“БНМАУ-ын далбаа нь 2 x 1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ.
Энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.
1911 оны Монголын үндэсний хувьсгалын дүнд “Богдын Монгол Улсын наран гэрэлт, түмэн наст Богд эзэн хаан, Цагаан дарь эхийг Улсын Эх дагина хэмээн өргөмжлөн, эрдэнийн сууринд залж суулгаад, “дундаа соёмбо үсэгтэй шар торгоор хийсэн төрийн далбаа бүхий Монголын тулгар төр нээсэн тухай” даяар олноо тунхаглан зарласан юм. ХХ зууны Монгол Улсын анхны төрийн далбаа байв.
1940 оны Үндсэн хуульд нэмэлт орсноор улсын далбааны талаархи заалт дараах байдалтай болжээ. “Зуун зургадугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь тэнгэрийн хөх цэнхэр өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна.
Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн Соёмбо, тэмдэг, Бадамлянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна” хэмээжээ.
1960 оны Үндсэн хуулийн Ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хошуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.
Харин 1992 оны Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн
1-т “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, ДАЛБАА, тамга, дуулал мөн”
2-т Төрийн сүлд, туг, ДАЛБАА, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
5-т “Монгол Улсын ТӨРИЙН ДАЛБАА нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна гэж заасан байгаа юм.
Н.Цэндбат