Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан энэ оноос шинэчлэгдсэн хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Шинэчлэгдсэн хуулиар Монгол үүлдрийн адууны санг бүрдүүлж дуустал ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран дүрэм баталж, тухайн жилийн баяр наадмыг зохион байгуулахаар болсон.
Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан бөгөөд ингэхдээ телевиз болон цахим хуудсуудаар шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулахаар болсон билээ.
Хүй долоон худагт морины сэрвээний өндрөөр хэмжих таван төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд уралдаан эхлэх өдрөөс өмнө уяачид хүсвэл морьдоо өөрсдөө хэмжих боломжтой. Мөн морины сэрвээний өндөр хэмжих үед шууд дамжуулалтаар үзүүлэх дэлгэцийг суурилуулах, морьдын уралдах зам болон зам дагуух бартаа зэргийг засаж сайжруулах, цэвэрлэх ажлыг бүрэн хангалаа.
Ташрамд дурдахад хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг дараах байдлаар хуульчлан тогтоосон байдаг. Үүнд, даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар заажээ.