Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийг энэ оны наймдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас есдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн хооронд зохион байгуулна.
Харин шалгалтыг аравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулах Төрийн албаны зөвлөлийн тогтоол гарлаа.
Төрийн албаны ерөнхий шалгалтын сорилыг үндэсний цахим платформд байршуулж, e-TAZ аппликэйшн, олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан нийтэд хүргэх, төрийн албаны шалгалтад бэлтгэх, оролцох бүх талын боломжоор иргэдийг хангах, их, дээд сургууль шинээр төгсөгчид болон өндөр мэдлэг, боловсрол, ур чадвартай иргэдээр төрийн албаны нөөцийг баяжуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх юм.
Мөн Төрийн албаны ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын хүрээнд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-оор хэрэгжүүлэх төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах мэдлэг, цогц ур чадвар болон төрийн албаны шинэтгэлийн үзэл санаа, зарчмыг сурталчлан таниулж, төрийн албаны сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлүүдэд даалгалаа.
Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл