“Улаанбаатар төмөр зам” ХНН нь Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ-наас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Тяньжинд хуримтлагдсан импортын чингэлгийг шуурхай татан авахаар эрчимтэй ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус боомтод хуримтлагдаад буй импортын чингэлгийн тоо 2700-д хүрээд байгаа нь цар тахлын өмнөх үеийн хэвийн түвшин билээ. Уг тээврийг зохион байгуулахад гарсан хүндрэлийг даван туулахын тулд УБТЗ дараах арга хэмжээнүүдийг авч ажилласан.
Нэгдүгээрт, ОХУ-ын тээвэр зууч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч оператор компаниудтай ярьж тохирон транзитаас суларсан хоосон вагонуудынх нь холбогдох зардлыг хариуцаж, Монголын тээвэр зууч, ачаа хүлээн авагчдад ашиглуулжээ. Үүний үр дүнд УБТЗ өөрийн эзэмшлийн 500 вагон дээр ОХУ-ын 600-1200 вагоныг тогтмол ашиглаж, тээврийн тасралтгүй байдлыг хангасан.
Хоёрдугаарт, нийслэл дэх терминалуудыг бүрэн хүчин чадлаар нь ашиглахын тулд ГЕГ, Улаанбаатар хотын гааль, Замын-Үүд дэх гаалийн газартай хамтран төлөвлөгөө гаргаж, Улаанбаатар хот руу Замын-Үүдээс ачааг хуваарилж ажиллав. Ингэснээр терминалууд дахь ачилт, буулгалтын ажил жигд явагдах нөхцөл бүрдэхийн сацуу тээвэрлэгчийн үргүй зардал буурах давуу тал бүрдсэн юм.
Гуравдугаарт, БНХАУ-ын төмөр замын нарийн царигийн вагонд Хятадын эзэмшлийн чингэлгүүдийг ачих ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь, галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, импортын чингэлгийн вагон хангалт сайжрах нөхцөлийг бүрдүүлэв.
Дөрөвдүгээрт, Улаанбаатар хотын терминалууд хоосон чингэлгээр дүүрч ачаатай чингэлэг буулгах талбайгүй болж байгаатай холбоотойгоор Замын-Үүд, Сайншанд өртөөдөд суудлын автомашин бүхий импортын ачаатай чингэлгийг олгох ажлыг эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд Дорноговь аймаг, Замын-Үүд сумдын Засаг дарга нарт ачаа хүлээн авагчдад чирэгдэлгүй үйлчилж, хамтран ажиллах хүсэлт илгээжээ. Дээрх шийдэл нь хүлээн авагчийн тээврийн хөлсний зардлыг хэмнэхээс гадна ачаа, бараагаа илүү хурдан шуурхай авах боломжийг бүрдүүллээ.
Тавдугаарт, ОХУ-ын тээвэр эрхлэгч компаниудтай холбогдон Монголд хуримтлагдсан Хятадын хоосон чингэлгийг ОХУ руу гаргаж, эргээд ачаатай транзитаар БНХАУ руу гаргах болсон. Энэ мэтчилэн УБТЗ нь импортын чингэлгийг шуурхай татан авахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.
Мөн ГЕГ болон бусад бүх холбогдох байгууллагууд шат шатандаа нэг удирдлага зохион байгуулалтаар ажиллаж, тээврийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа юм. Хэдий УБТЗ болон ГЕГ хамтран экспорт, импортын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээврийг тасралтгүй шуурхай зохион байгуулж буй ч тээвэр зууч, ачаа хүлээн авагчид ачаа бараагаа авахгүй удах, хоосон чингэлгийн буцаалтаа хийхгүй байгаа зэрэг шалтгаануудаас болж, чингэлэг болон хоосон автомашин терминалуудад хуримтлагдах эрсдэл үүсээд байна.
Иймд та бүхэн бидэнтэй идэвхтэй хамтран ажиллаж, төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад өөрсдийн хувь нэмрийг оруулахыг хүсэж байна.
“УБТЗ” ХНН