Грекээс эхлэлтэй Европын хямрал дэлхийг хэрсэн хэвээр байна. 2008 оноос хойшхи том хямралын эрч өнөөдөр ч сулраагүй. Хямралаас гарлаа гэж зарлаж буй АНУ асуудал олонтой, баргийн зүйлд савладаггүй урд хөршийн зах зээлд сайн, муу мэдээ хосолж байна. Хямралыг хохирол багатай давахад гол үүрэг гүйцэтгэдэг газрууд бол улс орнуудын төв банкууд. Хямралын үед төв банкууд нь сайн ажиллаж, зөв бодлого хэрэгжүүлж чадвал эдийн засагт буух сөрөг нөлөө нь багасдаг учраас анхаарахаас аргагүй өнцөг.
Цэнхэр гаригийн эдийн засаг нь дажгүй улсуудын нийтлэг туршлагыг анзаарахад төв банкуудын анхаарч онилдог зүйл бол инфляци. Инфляцийг бага, тогтвортой түвшинд байлгах нь төв банкны онцгой үүрэг. За тэгээд мэдээж банк санхүүгийн салбарын найдвартай тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гэж том үүрэг байна. Гэхдээ улс орон бүрийн эдийн засгийн бүтэц онцлог, гадаад эдийн засгийн орчноос хамаарах хамаарал харилцан адилгүй болохоор дотоодын эдийн засаг санхүүгийн салбарт эрсдэл учрах явдал гардаг. Төв банкууд ийм шалтгаанаар “Санхүүгийн салбараа хямралаас яаж хохирол багатай гаргах вэ. Хөдөлмөрийн зах зээлээ тогтвортой байлгах ямар гарц байна” гэж толгойгоо гашилгадаг юм.
2008-2009 онд дэлхийг нөмөрсөн хямралыг судлаач, шинжээчид жишээ татан ярьцгаадаг. Дэлхийн томчуудыг айлгасан тэр хямралын үеэр АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас эхлээд дэлхийн маш олон орны төв банкууд хямралын эсрэг уламжлалт болон уламжлалт бус гэж нэрлэгддэг бодлогуудыг хослуулан хэрэгжүүлж байж. Мэдээж улс орон бүрийн хэрэгжүүлсэн бодлого өөр өөрийн онцлогтой. Гэхдээ одоогийнх шиг эдийн засаг огцом уналтад орох эрсдэлтэй үед мөнгөний нийлүүлэлтийг хувийн хэвшлийн зээлээр нэмэгдүүлэх аргыг түгээмэл хэрэглэдэг байна.
Санхүүгийн салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих замаар зээлийн тасалдлын эрсдлийг бууруулахаас гадна гадаад валютын хөрвөх чадварыг тогтвортой байлгах, валютын своп хэлцэл хийх замаар ханшийн эрсдлийг багасгах, ажлын байрыг тогтвортой байлгах гэсэн бодлогыг нийтлэг хэрэглэдэг нь 2008 оны хямралын түүхээс тод харагддаг.
Олон улсын валютын сангийн нэг судалгаа бий. Дэлхийн 40 орныг хамруулж хийсэн судалгаанаас нь иш татъя. Хямралын үед Хятад, Нигери, Унгар зэрэг орнуудын төв банкууд дотоодын зээлийн нөхцөл шаардлагыг зөөлрүүлж байж. Харин Чили, Израйль, Филлипин, Оросын холбооны улс, Мексик, Өмнөд Солонгосын төв банкууд банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихэд анхаарч байжээ.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих бодлогынхоо хүрээнд банкуудаас актив худалдан авах, банкуудад зээл олгох, банкуудад санхүүгийн эх үүсвэр байршуулах, мөнгөний зах зээлийн арилжаанд хүлээн зөвшөөрөгддөг зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтыг шинэчилж өргөжүүлэх зэрэг олон арга хэрэглэж байж.
Турк, Филлипин, Бразил, Чили, Энэтхэг, Унгар, Индонези, Серби, Өмнөд Солонгос, Мексикийн төв банкууд Засгийн газартайгаа хамтран хямралын эрсдлийг зөөлрүүлэхэд анхаарчээ. Энэ хүрээндээ төв банк хооронд болон төв банкнаас дотоодын банкуудтай валютын своп хэлцэл хийх замаар гадаад валютаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, гадаад валютын захад оролцох буюу инвервенц хийх замаар ханшийн огцом савлагааг зөөлрүүлэх зэрэг арга хэрэглэж байсныг Олон улсын валютын сангийн судалгааны багийнхан онцолжээ. Үүнээс гадна дотоодын арилжааны банкууддаа гадаадын зах зээлээс валютын эх үүсвэр зээлж татахад нь бодлогын дэмжлэг үзүүлэх, гадаадын валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах гэх мэт цаг үеийн арга хэмжээ ч авч байж.
Сая дурдсан бодлого арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд банк санхүүгийн салбарт болон бодит эдийн засагт учирсан эрсдлийг бууруулж учирч болзошгүй эрсдлийг тойрч гарсан улсууд олон байна. Хямралыг зөөлрүүлж ажлын байраа аль болох хадгалахыг хичээснээрээ хямралын дараа эдийн засаг тогтвортой тэлэх суурийг бүрдүүлж чадсан гэж Валютын сангийнхан дүгнэжээ.
ОУВС-гийн судалгаанаас анзаарахад улс орнуудын төв банкуудын ихэнх нь Засгийн газартайгаа хамтарч бодлогын урьдач арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн байх юм. Засагтайгаа гар барьж, нэг сэтгэлээр зүтгэсэн төв банкууд учирч болзошгүй олон эрсдлийг тойроод гарчихаж. Хэрэв хямралын илүү том аюулаас сэрэмжилсэн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлээгүй бол эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт огцом буурч, банкны салбарт зээлийн гэнэтийн тасалдал бий болж гүнзгийрэх аюул улс орнуудыг хүлээж байсан гэж шинжээчид ярьдаг. Ингээд ч зогсохгүй банк санхүүгийн салбар системийн шинжтэй эрсдэлтэй нүүр тулах, хөдөлмөрийн зах зээлд маш олон тооны ажлын байр хоромхон зуур алга болж ажилгүйдэл огцом нэмэгдэх магадлал өндөр байсан гэж эдийн засагчид онцолдог.
Харин өмнө дурдсан аргуудыг хэрэглэсэн төв банкууд улс орноо хямралаас аятайхан аваад гарч чаджээ. Хямралын үед ирэх өдрүүдэд тулгарч мэдэх аюулыг зөөлрүүлсэн бодлого хэрэгжүүлээгүй, нэгэнт хямарсан хойно нь засах гэсэн оролдого хийсэн төв банкуудын хувьд муу түүх олон дуулддаг. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэдэг шиг улсаа тэр чигт нь элгээр нь хэвтүүлж орхисон жишээ өчнөөнөөрөө бий.
2008 оны хямралын үеэр Wall street-ийн Bear stearns банк дампуурахад тулснаа зарлаж байсан юм. Тухайн үед АНУ-ын Холбооны нөөцийн банк Bear stearns-ийг хэцүү цагт нь дэмжиж санхүүжүүлсэн түүх бий. Тэр хямралын үед Германы Засгийн газар 500 тэрбум еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаж, банкуудад туслах гурван том арга хэмжээ хэрэгжүүлж байв. Зээлийн баталгаа гаргаж өгснөөр банкууд харилцан мөнгө зээлэх боломжтой болж байж.
Эрсдэлтэй хэсгийг нь Засгийн газар хүлээн авч, банкуудыг өөрийн хөрөнгөө ихэсгэхэд тусалсан тухай мэдээ тэр үеийн хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа. 2008 оны арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Холбооны нөөцийн банк сүүлийн аргаа хэрэглэсэн нь мөн л банкууд руу чиглэж байв.
Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0-0.25 хувь болгож бууруулснаар хялбархан мөнгөжих боломж банкуудад нээгдсэн билээ. Хямрал эхэлснээс жил гаруйн хойно буюу 2009 оны гуравдугаар сарын 23-нд АНУ-ын Сангийн сайд Гейтнер банкуудыг аврах төлөвлөгөөгөө танилцуулж байв. АНУ-ын засаг хувийн хөрөнгө оруулагчидтай хамтарч их наядаар тоологдох долларын муу зээлийг худалдан авах шийдвэр гаргаж байлаа. Энэ бол санхүүгийн зах зээлээ дэмжиж байж хямралын хүнд цохилтоос бултаж чадсан том жишээний нэг. Дахин түүх сөхье. АНУ-ын сангийн сайдын мэдэгдлээс гурван сарын дараа Европын төв банк “Зах зээлээ идэвхжүүлэхийн тулд” гэсэн тайлбартайгаар түүхэндээ анх удаа өрийн бичиг худалдан авсан удаатай. Энэ шийдвэрээс хоёр сарын дараа том банкууд хэдэн тэрбумын ашигтай ажилласнаа зарлаж, дэлхий эдийн засгийн хямралд баяртай гэж хэлсэн юм.
-“ОЮУ ТОЛГОЙ“-Н ОЛБОРЛОСОН ХҮДРИЙН ХЭМЖЭЭ ӨСЧЭЭ–
“Оюу толгой” компани 2017 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлан, тоймоо гаргажээ. “Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид анхны баяжмалаа дөрөв хүрэхгүй жилийн өмнө хэрэглэгчдэдээ хүргэж байсан бол өнгөрсөн хоёрдугаар улиралд гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэлээ. 2017 оны хоёрдугаар улиралд бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд төвлөрч, гүний уурхайн бүтээн байгуулалтын эрчмийг хадгалахаар зорин ажиллаж байна” хэмээн онцолж байна. “Оюу толгой” компани нэг тонн хүдэр боловсруулахад дэлхийн дундаж болох 1.2 шоо метрээс маш бага буюу ердөө 0.373 шоо метр ус ашиглажээ. Энэ оны хоёрдугаар улиралд олборлосон хүдрийнх нь хэмжээ өмнөх улирлаас 3.5 хувиар өссөн байна. Төлөвлөгөөт засвар үйлчилгээний зогсолттой байсан ч зэс алтны үйлдвэрлэл буураагүй гэсэн мэдээллийг компанийн зүгээс өглөө. Туркойз хилл “Оюутолгой”-г 2017 онд 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байгаа аж.
-АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 48 ТӨГРӨГӨӨР ЧАНГАРЧЭЭ–
Монгол банкны мэргэжилтнүүд өнгөрсөн сарын голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт 20 хувьд хүрч, 13.5 их наяд төгрөг болжээ. Нийлүүлэлтийн дийлэнхийг төгрөгийн хадгаламж болон харилцах эзэлсэн байна. Нийт хадгаламжийн 64 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 19 хувийг иргэдийн долларын хадгаламж бүрдүүлж байгаа аж.
Хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 872 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм байна. Иргэдийн зээл 839 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 51 хувийг хувийн хэвшилд, 47 хувийг иргэдэд, нэг хувийг бусад салбарт олгосон гэж Төв банкнаас мэдээллээ.
Нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас нэг нэгж хувиар буурч, 6.2 хувьд хүрсэн байна. Чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурч, 8.8 хувьд хүрэв. Хугацаа хэтэрсэн зээлийн 82, чанаргүй зээлийн 80 хувийг хувийн хэвшилд олгосон байна. Ипотекийн зээл дөрвөн их наяд 177.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 91 916-д хүрчээ. Өнгөрсөн сард шинээр олгосон зээлийн 57 хувийг хөтөлбөрийн хүрээнд олгосон аж.Түрүү сард төгрөгөөр олгосон зээлийн хүү 20.3 хувь байж. Валютын зээлийн хүү 0.5 хувиар өсөж, 12.5 хувь болжээ.
Өнгөрсөн сард татсан хадгаламжийн хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.5 хувьд хүрсэн байна. Гадаад валютын хадгаламжийн хүү бага зэрэг буурч, 5.6 хувьд хүрсэн бол тухайн сард татсан валютын хадгаламжийнх огцом буурч, 4.3 хувь болж. Зургадугаар сарын эцэст Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хувь буюу 48 төгрөгөөр чангарч, 2349 болжээ.
Эх сурвалж:
1 comment
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
99041126