Илүүдэл жингээсээ болж “Оюу толгой” ХХК-д тэнцээгүй байна

2017-08-02 10:49
оюутолгой

Хүний эрхийн үндэсний комисс Оюу толгой ХХК-ийн Ерөнхий захирал Армандо Торрестод ажилтан шалгаруулж авахдаа биеийн жин заасан хэсгийг хүчингүй болгох шаардлага хүргүүлжээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Ц.Чинбат нь илүүдэл жингээсээ болж тус компанид тэнцээгүй байна. Тэрбээр “Оюу толгой ХХК”-аас зарласан “Аюулгүй ажиллагааны зааварчилгааны сургагч” ажлын байранд ажиллахаар өргөдөл гаргасан боловч илүүдэл жинтэй тул уг ажлын байранд тэнцэхгүй гэсэн хариу өгсөн байна.  Учир нь тус  компанид  оффисын О3 ангилалын ажлын байранд ажиллах иргэн нь 100 буюу 100кг-аас бага биеийн жинтэй байх шаардлага тавьдаг аж. Өөрөөр хэлбэл, Оюу толгой ХХК нь зөвхөн далд уурхайтай холбоотой ажлын байрандаа бус оффисын ажлын байрандаа ч биеийн жингийн стандарт тавьдаг гэсэн үг юм.

Уг асуудлаар иргэн Ц.Чинбат Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргаж, үүнийг нь тус байгууллага судлаж үзэн хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтыг бий болгож, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гэж дүгнэсэн аж.

Хэрэв та өөрийн эрх зөрчигдөж, ажил олгож буй байгууллага тань хууль зөрчиж байна гэж үзвэл Монгол улсын Хүний эрхийн үндэсний комисст нотлох баримтуудын хамтаар гомдол гаргах боломжтой бөгөөд тус байгууллага таны эрхийг хамгаалан ажиллах чиг үүрэгтэй.