Аймгийн төв Улаангом хот Улаанбаатар хотоос 1425 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 69.6 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 73328, малын тоо толгой 1619300. Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино.
Хамгийн өндөр уул нь 4116 метр өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс, барилгын материалын баялагтай. Мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий. Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино.
Хар тэрмэсийн, Хавцал боомын, Бургастайн зэрэг рашаан устай. Увс аймаг нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төвдөө барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ руу гарах 2 хилийн боомт байдаг бөгөөд нэг нь Давст сумын нутагт Боршоогийн боомт, нөгөө нь Тэс сумын нутагт Тэсийн боомт гэж бий.
- Увс нуур
- Хяргас нуур ба Хэцүү хад
- Алтан элсний дархан цаазат газар
- Ханхөхий уулс
- Чандмань уулын дурсгал
- Гоожуурын хүрхрээ
- Мөнгөт цахир уул
- Дэглий цагаан уул
- Зураагийн улаан хадны зураг