-Та өнөөгийн нийгэм, улс төрийн байдлыг хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?
-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал өнөөдөр үнэхээр хүнд байна. Манай улсын дотоод байдлаас болж байгаа ч асуудал бий. Гадаад байдал буюу цар тахал, геополитикийн асуудал ч байна. Манай улс эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус улс биш. Хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-аас бүрэн хараат, үйлдвэрлэгч үндэстэн биш байгаа нь өнөөдөр эмгэнэл дагуулж байна. Үйлдвэрлэгч улс орон биш учраас эдийн засгийн нөхцөл байдал нь хэзээ ч сайнаар шийдэгдэж байсан түүх байхгүй. Наад зах нь өнөөдөр Эгийн голын усан цахилгаан станцыг бие дааж шийдвэр гаргаад барьж, байгуулж чадаагүй л сууна. Үүний шалтгаан нь ерөөсөө л ОХУ зөвшөөрдөггүйгээс болдог. Яагаад ОХУ тусгаар улс усан цахилгаан станц барих асуудлыг зөвшөөрдөггүйг нь гайхаж л сууна. Энэ мэтчилэн олон зовлон бий. Сүүлийн үед дайны нөхцөл байдлаас үүдэн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ болоод бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа. Тиймээс манай улс наад зах нь дотооддоо бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болмоор байна. Хүний гол хэрэглээ нэгдүгээрт хүнс, хоёрдугаарт орон байрны асуудал шүү дээ. Цаашлаад эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гэх мэт асуудлыг эрэмбэлж болох байх. Угтаа гуравхан сая хүнийг аятайхан амьдруулах боломж байгаа шүү дээ.
-Цар тахлын хүндрэл үргэлжилж байхад дайны нөхцөл байдал бий боллоо. Энэ хугацаанд манай улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогыг хэр оновчтой байсан гэж бодож байна?
-Засгийн газрыг маш муу ажилласан гэж боддог. Тухайлбал, цар тахлын үед манай улс гадаадад амьдарч байсан монголчуудаа “Үнсэнд хаясан шалз” шиг л хаясан. Тэр ч бүү хэл арай гэж эх орондоо ирсэн хэдийгээ 21 хоног тусгаарлаж, дэлхийд байхгүйгээр гадуурхсан. Мөн цар тахлын улмаас уналтад орсон эдийн засгийн нөхцөл байдлаа сэргээх дорвитой арга хэмжээ аваагүй. Бид газар нутаг томтой, байгалийн баялаг арвин, дээрээс нь хэдэн малынхаа буянд л одоохондоо өлсгөлөнд нэрвэгдчихээгүй байж байна. Төр засгаас авч хэрэгжүүлсэн сайн сайхан бодлогын буянд өдий зэрэгтэй амьдраад, оршин тогтноод байгаа ч юм алга.
-Таныг УИХ-ын гишүүн байх үед манай улс үйлдвэрлэгч орон болох алхам юу хийж байв. Хэрэв хийж байсан бол өнөөдөр тухайн бодлогын залгамж халаа үргэлжилж байна уу?
-Үнэндээ манай төрд төрийн залгамж гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Шулуухан л хэлье. Аль ялсан нам нь өөр өөрсдийн хэрэгжүүлэхийг хүссэн бодлогоо л хэрэгжүүлж ирсэн нь нууц биш. Тухайлбал, өмнөд хөрш шиг таван жилийн төлөвлөгөө боловсруулж хойд нутгаа хөгжүүлэх, төмөр замаа хөгжүүлэх гэх мэт томоохон зорилт тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаггүй. Төр, улс орныг удирдахад огт бэлтгэгдээгүй хүмүүс Ерөнхий сайд болдог.Тэдний мэдлэг боловсрол, ур чадвар нь улс эх орноо удирдахад үнэхээр гологддог, чамлагддаг, дутдаг. Тийм учраас төрийн үйл ажиллагаа нь хаа хаанаа очоод гацчихдаг, гарц гаргалгаа байдаггүй. Ийм л зарчмаар өнөөдрийг хүртэл явж ирсэн. Өнөөдрийг хүртэл улс орноо хэрхэн удирдах, геополитик, гадаад харилцаа, улс төр, эдийн засаг, нийгмээ мэддэг, мэдэрдэг, дээр нь өөрчлөлт шинэчлэлт хийх ёстойгоо ойлгочихсон Ерөнхий сайд гарч ирээгүй. Үнэхээр шилдэг удирдагч гарч ирсэн бол иргэд тэднийг дэмжих байсан. Улсыг удирдаж чиглүүлэх гол хүн чинь Ерөнхий сайд шүү дээ. Тийм хүн байгаагүй болохоор л манайх арав гаруй Ерөнхий сайдын нүүр үзээд байгаа юм шүү дээ.
-Энэ удаагийн Ерөнхий сайдыг шинэ үеийн төлөөлөл болж гарч ирсэн учраас олон зүйлийг өөрчлөх байх, шинэ салхи сэвэлзлээ гэсэн хүлээлттэй иргэд ч байна. Харин эсрэгээр нь төрийн тогоонд чанагдаагүй, туршлага дутна гэж үзэх ч хүн бий. Харин таны хувьд?
-УИХ-ын гишүүнээр ямар хүмүүс сонгогдож байгааг л харчих л даа. Би зарим гишүүдийн өмнөөс ичдэг. Дээр нь улс орны Ерөнхий сайд хүн асуудлаа мэддэг, амьдрал мэддэг, дэлхийгээ мэддэг л хүн байх ёстой. Дахин хэлье, төр удирдахад бэлтгэгдээгүй хүмүүс Ерөнхий сайдаар томилогддог учраас Монгол хөгжихгүй байна. Ер нь улс төрд орж байгаа улстөрч хүнд арвин туршлага хэрэгтэй байдаг. Тийм болоод Япон, Америкийн ерөнхийлөгч, ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд 60-аас дээш насныхан байна шүү дээ. АНУ-ын ерөнхийлөгч бараг 80 хүрч байна. Америк, Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй улс орон залуу улстөрчдөөр дутаагүй. Гагцхүү тэд ямар туршлага хуримтлуулсан, ямар хүнээр төр түшүүлэхээ, удирдуулахаа мэдээд байгаа хэрэг. Залуу хүн гарч ирээд л улс орныг өөрчлөх тохиолдол ховор үзэгдэл. Байж болохыг үгүйсгэхгүй. Түүнд байгалиас заяасан удирдах, манлайлах чадвар, мэдлэг, туршлага, дээрээс нь улс эх орноо удирдах урлагт багаасаа бэлтгэгдсэн байж болох юм. Түүнээс биш ямар нэгэн байдлаар бэлтгэгдээгүй байж нэг л өглөө улс орноо удирдана гээд хэнхэглэх ямар ч боломж байхгүй.
-Манайх төр түшилцэхэд бэлтгэгдсэн хүмүүсийг гаргахаас илүү төрд гарсны дараа ажлын байран дээр нь бэлтгэдэг тогтолцоотой болчихлоо шүү дээ?
-Ийм зүйл хэзээ ч байж болохгүй л дээ. Харин одоогийн УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүмүүсийг харахаар тухайн албан тушаалдаа бэлтгэгдсэн хойноо очих биш, таны хэлдгээр ажлын байран дээр дадлагажуулж, дагалдуулж сургадаг тогтолцоотой болчихсон нь анзаарагдаж байна. Үүнд улс төрийн намууд, сонголт хийсэн сонгогчид аль аль нь буруутай. Ер нь бол ядуу улс орны зовлон барагддаггүй л дээ. Чөтгөрийн тойргоосоо салдаггүй.
-Манай улс энэ жил авлигын индексээрээ дэлхийн 200 гаруй улс орноос 110 дугаар байрт жагссан. Авлигыг бууруулах, иргэдийн боломжийг хулгайлдаг төрийн өндөр албан тушаалтантай тэмцэхээ үе үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд илэрхийлдэг. Харамсалтай нь үр дүнд хүрэхгүй байна л даа?
-“Загас толгойноосоо өтдөг” гэх үг бий. Эрх барьж байгаа намууд, төрийн удирдлагууд шат шатандаа шаардлага тавьж, авлига, албан тушаалын хэрэгт орооцолдож, иргэдийн боломжийг хулгайлсан нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцож, үүрэх ёстой ялыг нь анхнаас нь үүрүүлж сураагүй өөгшүүлсэн учраас манай улс ийм байдалд хүрсэн. Тэр ч бүү хэл “Албан тушаал олдсон дээр нь идэж, уу. Дараагийн сонгуулийнхаа мөнгийг ол, бүгдээрээ хамтдаа ууж, иднэ шүү” гээд бүхнийг хамтаараа хийж байгаа учраас шат шатандаа авлигад идэгдчихсэн байгаа юм. Харин тэднийг дураараа авирлахыг нь тас цохих хууль, хяналтын байгууллага нь ажлаа сайн хий л дээ. Зарим бузар булай зарим хэвлэл мэдээллийнхний ачаар ил гарч байгаа боловч цаана нь далдлагдсан, дарагдсан, нууж хаасан олон зүйл бий. Ядуу иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авах шиг амархан зүйл байхгүй учраас дараагийн сонгуульд намаараа нийлээд мөнгөө бэлтгэж байгаа.
-Сүүлийн үед ҮХНӨ оруулах асуудал яригдаж, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна. Та юу гэж бодож байна?
-Манайх шиг ядуу улсад сонгуулийн мажоратор тогтолцоо бол хамгийн муу хувилбар. Африкийн орнууд шиг гурил будаа, мөнгө төгрөг хэн их тараасан нь сонгогддог. Хөдөлмөр эрхэлдэггүй, мөнгөгүй, халамжаар угжуулсан иргэдэд сонгууль ганц мөнгө олдог үе нь. Сонгууль ойрхон болоосой л гэж хүлээнэ. Тиймээс цаашид сонгуулийн тогтолцоогоо мөнгөний системээс арай холдуулж пропорционал болговол дээр байх. Гэхдээ л “Манай намыг дэмжээрэй” гээд орон даяар мөнгө тарааж байхыг үгүйсгэхгүй. Иргэдээ мөнгөөр худалдаж авч төрийг удирдана гэдэг гутамшигтай зүйл. Ер нь эрх барьж байгаа нам ажлаа сайн хийгээд ажлынхаа үр дүнгээр дахин сонгогдох эсэх нь тодорхой болох учиртай. Гэтэл ажлаа сайн хийгээгүй учраас мөнгө тарааж, сонгуульд ялалт байгуулах зам руу орж байна. ҮХНӨ-д гишүүдийн тоог нэмэх асуудал ч бий. Нэмээд 200 болгож болно. Гишүүдийн тоо олон, цөөн байхад асуудал байгаа юм биш. Бүх зүйл толгойндоо л бий. Улс орныг айл өрхтэй л зүйрлэж болно. Аав болох Ерөнхий сайд, ээж болох Сангийн сайд ажлаа сайн хийхэд л болох юм. Тэд үүргээ гүйцэтгэж, ажлаа сайн хийвэл манай улс хөл дээрээ дороо л босчихно. Харин аав архиа уугаад, ээж байгаа мөнгөөрөө гоёж гоодоод үр хүүхдүүдээ хаячихвал тэр айл гэр юу болох вэ. Үүнтэй л агаар нэг.
-Манай улсын санхүүгийн байдал нэлээд хүндэрчихсэн байгаа. Гадаад өр зээлийн хэмжээ ч нэмэгдсэн. Олсон орлогоо хэрхэн зөв зарцуулах ёстой юм бол?
-Энэ хамгийн чухал асуудал. Манай улс хөгжихгүй байгаагийн бас нэг гол шалтгаан бол олсон жаахан мөнгөө буруу зарцуулдагтай л холбоотой. Үр ашиггүй зардлаа цэгцэлж, асуудлаа эрэмбэлэх нь чухал. Сүүлийн үед дэд сайдуудын орон тоог байхгүй болгоно гэх мэт жижиг сажиг алхам хийж байх шиг байна. Гэтэл үр ашиггүй хөрөнгө оруулалт, хөшөө дурсгал барьдаг, буулгадгаасаа л эхэлмээр байна. Энэ мэт инээдтэй, эмгэнэлтэй жишээ хэдэн мянгаараа бий. Улс орныг удирдахад санхүүгийн сахилга бат, эдийн засгийн ухаан зайлшгүй шаардлагатай. Мөнгө яаж олох, хэрхэн зарцуулж, үр дүнд нь иргэдээ яаж сайхан амьдруулах тухай л асуудал. Манайх ардчилсан орон л гэнэ. Ардчилал гэдэг эцсийн эцэст мөнгө санхүү дээр тогтдог. Хоосон хүнд эрх чөлөө байхгүй. Эдийн засгийн эрх чөлөө байхгүй бол худалч, хуурамч, хулгай ч болно. Хатуу боловч үнэнийг хэлэхэд, ядуу хүнд хүн алах ч амархан санагддаг юм шүү дээ.
-Та дахин улс төрд орох уу?
-Яг одоо хэлж мэдэхгүй байна. Улс орныг удирдаж байгаа хүмүүс нь олигтой ажиллахгүй болохоор байгаа хэдийг нь хараад “Ишш чааваас” гээд голох тохиолдол гарах л юм. Заримдаа “Би ч эд нараас мэдлэг, боловсрол, туршлага, бүх зүйлийн хувьд хэд дахин илүү дээ” гэж бодогдох үе бий. Тэглээ ч миний хувьд тэтгэвэртээ суух хэмжээний хүн биш. Харин ч улс төрд туршлагатай, мэдлэгтэй хүн хэрэгтэй гэвэл тэр бүхнийг хуримтлуулсан насан дээрээ л байна.
1 comment
Энэ зальтан бэлтгэгдсэн юм байх даа тэгээд