Богд хан уулын Дугуй цагааны ойролцоох амралтын газрыг буулгах ажлыг сурвалжилсан сэтгүүлчийн камер, утсыг хурааж, зургаан цаг саатуулсан гэж Gerelnews.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа өөрийн цахим хуудастаа мэдээлсэн юм. Уг асуудлын талаар сэтгүүлч Г.Гэрэлмаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Өчигдөр шөнө цагдаагийн байгууллагад бүх зүйлээ хураалгаж, хэнтэй ч холбогдож чадахгүй маш хүнд байдалд орсон. Эмнэлгийн тусламж хэрэгтэй байна. Өмгөөлөгч рүүгээ ярих гэхэд хэнтэй ч харилцаа үүсгэх боломжгүй болгосон. Намайг Зайсангаас баривчилж цагдаагийн байгууллагад авчирсан. Тэнд би ажил үүргээ гүйцэтгэж явсан. Мэдээллийг өөрийн Gerelnews.mn мэдээллийн сайтаар шууд дамжуулалт хийж байсан. Гэвч цагдаагийн байгууллагаас “Шууд дамжуулалтаа зогсоо, үгүй бол чамайг ачина шүү” гэх байдлаар хандсан. Мөн камер, микрофон, утсыг маань маш олон цагдаа хоорондоо дамжуулан булааж аваад өгөхгүй байсан. Утас булааж авахдаа шууд дамжуулалт хийсэн баримт бичлэгийг устгасан. Ямар үндэслэлээр намайг баривчилж байгаа юм гэхэд “Та согтуу байна, хууль бусаар бичлэг хийсэн” гэх шалтгаанаар хандсан. Мөн хүнгүй газар арав гаруй удаа биед минь халдсан. Надад тусламж гуйх хүн байгаагүй. Би нэг ч гэсэн хүн намайг хараасай, сонсоосой гэж зөндөө орилсон. Миний амыг гараараа таглаж “Чи чаддаг юм бол хашхир, уйл” гэсэн. Пургон руу арав гаруй цагдаа ачих гэж хүчилсэн. Нэг мэдсэн пургоны шалан дээр уначихсан байсан. Хаашаа авч явж байгааг асуухад “Согтуу авгай минь чимээгүй бай” гэсэн. Зургаан цагийн турш огт эмнэлгийн үйлчилгээ үзүүлээгүй, хэнтэй ч утсаар яриулаагүй. Шөнө намайг суллаад явуулаач гэсэн чинь “Чаддаг юм бол иргэдээ дуудаач. Чамайг хамгаалах хэн байгаа юм. Чаддаг юм бол хэвлэлийнхнийгээ дуудаач” гэж даапаалж байсан.