Манай улсад хамгийн багаар бодоход 500.000 ба түүнээс дээш хүн сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн судалгаа гарсан байна.
Энэ нь ихэнхи хүмүүсийн ойлгодог шиг сэтгэцийн эмгэг биш ч хүн бүрт тохиолддог энгийн юм шиг хэрнээ зөвөөр шийдэж, тайлж чадахгүй бол асар их хохирол учруулдаг стресс бухимдал, ганцаардал аж.
Бид бие мах бодийн зовиур илрэх, ямар нэг өвчин тусвал заавал эмчид үзүүлдэг. Харин сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал болох стресс бухимдалтай байх, хүчирхийлэл дарамтанд орох, хэн нэгэнтэй ойлголцохгүй байх үедээ гэр бүл найз нөхдийнхөө хүрээнд шийддэг боловч ихэнхдээ орхигдуулдаг. Эсвэл дотроо хадгалж явсаар хардалт, үзэн ядалт тээж, гуньж гутарч сэтгэлийн гүн хямралд орсноор архидан согтуурах, агсам тавих, гэр бүл салах, ажлын бүтээмж буурах, ажил сургуулиа хаях, эцэст нь амиа хорлох үйлдэл хийхэд хүрдэг байна.
Сэтгэлзүйчдийн хэлсэнээр ийм асуудалтай хүмүүсийн тусламж хайж очдог газар нь лам бөө, сүм цуглаан зэрэг шашны байгууллага байсан бол сүүлийн үед сэтгэлзүйчийн тусламж авах болжээ. Ийм тусламж авч байгаа хүмүүсийн ихэнх нь өндөр боловсролтой, эдийн засгийн боломжтой, шинэ сэтгэхүйтэй хүмүүс байдаг гэнэ. Мөн зарим албан байгууллага ажилчдадаа сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх болсон байна.