“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээг Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар энэ сарын 20-22-нд улс орон даяар зохион байгуулах гэж байна.
Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-ны 11:00 цагт Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбай болон 21 аймагт аймгийн төв талбайд нэгэн зэрэг эхлэх бөгөөд үндэсний бичиг соёл, номыг сурталчлах, ном хэвлэлийн салбарынхны хамтын ажиллагааг дэмжих, бүх нийтийн уншлагыг дэмжих соёлын олон талт арга хэмжээг гурван өдрийн турш зохион байгуулах юм байна.
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн нийтийн номын сан, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн холбоо, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, ном сонирхогч, ном бүтээгч, борлуулагч, уншигч олон оролцох аж.