Олон жилийн турш үргэлжилсэн судалгаа, шинжилгээний үр дүнд амьтны эд эрхтэнг хүний биед шилжүүлэн суулгах боломж нээгдэж байгаа талаар АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн харьяа “Langone Health” төвийн эрдэмтэд мэдээлсэн байна. Хэдийгээр амьтны бие, эрхтний бүтэц тогтолцоо нь ондоо боловч тэднийг генийн түвшинд хувирган зассанаар, хүний биед амжилттай шилжүүлэн суулгасан болохыг тус эрдэмтдийн зүгээс мэдэгдсэн юм.
Тодруулбал, тэд гахайн бөөрийг нас барсан хүний биед шилжүүлэн суулгасан бөгөөд хоёр хоног үргэлжилсэн ажиглалтын явцад бөөрний үйл ажиллагаанд ямар нэгэн хүндрэл урвал гаралгүй, биеийн хорыг шүүж, гадагшлуулж байсан ажээ. Энэхүү туршилтын үр дүнг маш амжилттай хэмээн үзэж байгаа ба тэдний болгоомжилж байсан ямар нэгэн сөрөг үр дүн үүсээгүй гэдгийг мэс заслыг удирдан явуулсан Роберт Монтгомери хэмээх эрхэм дурдсан байна.
Улмаар энэ нь анагаах ухааны салбарт өндөр ач холбогдолтой, түүхэн алхам болж буйг холбогдох мэргэжилтнүүд онцолж буй юм. Амьтны эд эрхтэнг хүнд өвчтэй, донор олдохгүй байгаа хүний биед шилжүүлэн суулгах тухай санаа анх 17-р зууны үеэс эхлэлтэй бөгөөд 20-р зуунаас эхлэн холбогдох судалгаа, туршилтууд эрчимтэй явагдаж эхэлжээ.
Өдгөө зөвхөн АНУ-ын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай нийт 90,000 гаруй хүн байгаа ба хэт урт дараалал болон донорын дутагдлын улмаас өдөр бүр 12 хүн нас бардаг гэсэн тооцоо гарчээ. Харин генийн аргаар хувиргасан амьтны бөөрийг хүнд шилжүүлэн суулгаснаар энэхүү ачаалал харьцангуй саарч, олон хүний амь аврах шийдэх боломжтой болно хэмээн үзэж буй юм.
Харин нөгөөтээгүүр, уг аргачлал нь амьтны эрхийн талаарх ноцтой асуудалд хөтөлж болзошгүй талаар зарим судлаачид анхааруулсан байна.
Эх сурвалж: Theguardian