ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын бүртгэлд байдаг ой мод жил бүр 190 сая тонн нүүрсхүчлийн хийг агаар мандлаас шүүж, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг зөөлрүүлж байдаг аж. Гэвч хүний буруутай үйл ажиллагаанаас болоод ЮНЕСКО-гийн өвд багтдаг дэлхийн 257 дархан цаазат ойн сав газрын арав нь өөрөө нүүрсхүчлийн хорт хий ялгаруулагч болж хувирсан байна.
Үүнийг ЮНЕСКО-гийн судлаачид газар дээр очиж судалгаа хийж тогтоосон бөгөөд Дэлхийн байгалийн нөөцийн хүрээлэн, Олон улсын байгаль хамгааллын холбоо ч судлаачдынхаа дүгнэлт болон хиймэл дагуулын мэдээлэл дээр үндэслэн нотолжээ.
Жишээлбэл, Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрт орших Увс нуурын хотгорын ой нүүрсхүчлийн хий ялгаруулах болсон 10 ойн нэгд тооцогдож эхэлснийг 2001-2020 онд хийсэн судалгаагаар нотолсон талаарх мэдээг ЮНЕСКО анх удаа гаргаж тавьсан байна.
Мөн нүүрсхүчлийн хий ялгаруулдаг ойн ангилалд Индонезийн Суматрын ой, Хондурасын Рио-Платано дархан цаазат газар, АНУ-ын Йосемитийн үндэсний парк, Австралийн Хөх уул зэрэг газрууд багтсан байна.
Дархан цаазат, ойн нөөц газрууд өөрөө нүүрсхүчлийн хий ялгаруулах болсныг судлаачид дэлхийн дулаарал, хуурайшилтын үр дагавар, мөн ойн түймэр, хууль бус мод огтлолт, ойн талбайг цэвэрлэх, хөдөө аж ахуйн эдэлбэр болгох гэж газар зүйн тогтолцоог эвдэх гэх мэт хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж үзсэн байна.
ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг дархан цаазат ой сүүлийн 20 жилд жил бүр 190 сая тонн нүүрсхүчлийн хий шингээж байгаа нь олборлох түлшнээс шалтгаалан агаар мандалд жил бүр цацаж буй зөвхөн Их Британи улсын нийт нүүрсхүчлийн хийн тал хувьтай тэнцэж байна гэж тооцоолжээ.