Нийгмийн даатгалын тухай хуулийн 11.3-т сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авах, арилжааны банканд байршуулан нэмэгдүүлэхээр заасан боловч Засгийн газраас жил бүр бонд гаргадаггүй, Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох харилцаа нь хууль эрх зүйн зөрчилтэй тул Нийгмийн даатгалын ерөнхий газар нь сангийн мөнгөн хөрөнгийг зөвхөн арилжааны банканд байршуулж ирсэн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банктай 2007 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, харилцах дансанд тухайн жилд 227.6 сая төгрөг, хадгаламж хэлбэрээр 5.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг байршуулж эхэлсэн байна.

Түүнчлэн Капитал банканд байршиж байсан нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь

  • 2008 онд 14.8 тэрбум
  • 2009 онд 17.8 тэрбум
  • 2010 онд 16.2 тэрбум
  • 2011 онд 24.7 тэрбум
  • 2012 онд 31.4 тэрбум
  • 2013 онд 126.4 тэрбум
  • 2014 онд 209.5 тэрбум
  • 2015 онд нийт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 238.1 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Капитал банк нь 2016 оноос зарлагын гүйлгээ хийх, төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болж, Банкны тухай хууль болон “Хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн тул 2016 оны 07 дугаар сараас Капитал банканд нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг нэмж байршуулаагүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Капитал банканд мөнгөн хадгаламжийн гэрээг цуцлах шаардлагыг 20 гаруй удаа хүргүүлж, удирдлагуудын уулзалтыг удаа дараа зохион байгуулсан. Мөн 2018, 2019 онд 98.0 тэрбум төгрөгийн 169 төлбөрийн хүсэлтийг Капитал банканд хүргүүлсэн боловч тус банк 5.8 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн. Капитал банкийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр албадан татан буулгасантай холбогдуулан тус банкны эрх хүлээн авагчтай тооцоо нийлж, 104.2 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын сангийн, 136.1 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн өр, төлбөрийг баталгаажуулсан гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэлдээ дурьджээ.

Дээрх өр, төлбөрийг барагдуулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Үүнд:

  • Нийгмийн даатгалын сангийн өр, төлбөрт тооцсон 104.2 тэрбум төгрөгийг хуулийн хугацаанд Капиталын эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн;
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Хөрөнгө нэхэмжлэх, санд буцаан төвлөрүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар дэд ажлын хэсгийг тус тус байгуулж ажилласан;
  • Капиталын эрх хүлээн авагч нь Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Банкны тухай хуульд заасан “Засгийн газарт өгөх өр төлбөр, албан татвар”-т хамааруулахаар шийдвэрлэсэн;
  • Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө нь даатгуулагчийн төлсөн шимтгэлээс бүрддэг тул өр барагдуулах дарааллыг гурван түвшин дээшлүүлэн “Даатгагдаагүй хадгаламжийн төлбөр“-т хамааруулах талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2020 оны 03 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн;
  • Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “КЭХА-д төлбөрийг барагдуулахыг даалгах” нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагыг хангасан;
  • Өр, төлбөрийг барагдуулахаар Капиталын эрх хүлээн авагч, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Түүнчлэн өр, төлбөр барагдуулж байгаа талаарх мэдээллийг УИХ-ын холбогдох байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна;
  • Капиталын эрх хүлээн авагчаас 2021, 2022 онд өр, төлбөрт суутган шилжүүлэхээр санал болгосон 260 ширхэг хөрөнгөөс 25.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 78 ширхэг хөрөнгийг тооцож авах зөвшөөрлийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс, хөрөнгийг шилжүүлэн авах зөвшөөрлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас, “Хүлээн авсан хөрөнгүүдийн битүүмжийг цуцлуулах” зөвшөөрлийг
  • Нийслэлийн прокурорын газраас тус тус гаргуулан авсан;
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрын хөрөнгөд шинээр бүртгэгдсэн барилга, байгууламжид үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байсан 33 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, 81.3 сая төгрөгийн түрээсийн орлогыг нийгмийн даатгалын санд төвлөрүүллээ;
  • Өр, төлбөрт авсан 5.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 12 ширхэг хөрөнгийг худалдан борлуулах дуудлага худалдааг зохион байгуулж, 10 ширхэг хөрөнгийг худалдан борлуулж, санд 3.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Мөн 11.9 тэрбум төгрөгийн 10 ширхэг хөрөнгийн дуудлага худалдааг 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна;
  • Капиталын эрх хүлээн авагчаас дахин санал болгосон 80.8 тэрбум төгрөгийн 164 ширхэг хөрөнгийг судлан үзэж, өр төлбөрт тооцон авах боломжтой хөрөнгийн жагсаалтыг гаргасан хэмээн мэдээлэлд дурдсан байлаа.

Дээрх арга хэмжээний үр дүнд Капиталын эрх хүлээн авагчаас нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.1 тэрбум төгрөг (2020 онд 0.8 тэрбум, 2021 онд 7.2 тэрбум, 2022 онд 0.1 тэрбум)-ийн мөнгөн хөрөнгө, 25.1 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 33.4 тэрбум төгрөгийн өр, төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар КЭХА-аас нэхэмжилсэн өр төлбөрийн үлдэгдэл 70.8 тэрбум төгрөг байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт 8.4 тэрбум төгрөг мөнгөн хөрөнгө, 47.2 тэрбум төгрөгийн хөрөнгө хүлээн авч, нийт 55.6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулж, өнөөдрийн байдлаар Капиталын эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн өр, төлбөрийн үлдэгдэл 80.5 тэрбум төгрөг байгааг А.Ариунзаяа сайд мэдээлэлдээ дурдсан байна.

Мөн тэрбээр, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 2020/ШЦТ/865 дугаар шийтгэх тогтоолоор 2016 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан иргэнд “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг тогтоосон. Түүнчлэн уг иргэний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн гэв.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар сангийн орлогын бүрэлдэхүүнд сангийн чөлөөт үлдэгдлийг банканд хадгалуулсны хүү, үнэт цаасны арилжаанаас олсон орлогыг хамааруулахаар, сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банканд байршуулах замаар нэмэгдүүлэхээр, бонд, үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг төсөвт тусгаж, УИХ батлахаар, арилжааны банканд байршуулах хөрөнгийн хэмжээг Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтоохоор тус тус хуульчилсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”, “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-ний загварыг баталсан.

Уг журам болон гэрээ нь мөнгөн хадгаламж байршуулахад баримтлах зарчим, хадгалагч банканд тавих шалгуур, талуудын эрх, үүрэг, арилжааны банканд байршуулах мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг тогтоохтой холбоотой харилцааг зохицуулсан. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2013 онд хадгаламжийн хүүгийн хэмжээг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулан Засгийн газрын бондын хүү, Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хэмжээнээс доошгүй байхаар, 2018 оноос эдгээр хүүгээс гадна нэмж банкуудын хугацаатай хадгаламжийн хүүгийн дундаж хэмжээг тооцдог болсон гэдгийг А.Ариунзаяа сайд танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг найдвартай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвартай, үр өгөөжтэй байлгах, хөрөнгө оруулалтын удирдлагыг сайжруулах, ялангуяа сангийн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас, зээлжих зэрэглэл тогтоодог нэр хүнд бүхий олон улсын байгууллагаас A-аас доошгүй үнэлгээтэй үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан, нээлттэй хувьцаат компанийн хувьцаа, системийн ач холбогдол бүхий арилжааны банканд байршуулах, Санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааг Монголбанк, мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд, нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх сангийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын нэгж тус тус гүйцэтгэх зэрэг зохицуулалтыг тусгаад байна гэж байлаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн