Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замд холын зайн гүйлт хийхээр энэ сарын 10-ны өдөр Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа гарсан тухайн бид өмнө нь мэдээлсэн. /Малчин эмэгтэй Улаанбаатар хүртэлх замыг гүйж туулахаар замдаа гарлаа /
Малчин Ч.Цэгмид гүйлтын дөрөв дэхь өдрөө буюу 5-р сарын 14-ны бямба гарагт замынхаа 160 км-ийг туулан Баянхонгор аймгийн төвд иржээ. Түүнийг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ-ын удирдлага, Номгон сургуулийн захирал хүүхэд багачууд, тус сургуулийн 1982 оны төгсөгчид буюу ангийн нөхөд, ах дүүс, Бууцагаан сумын нутгийн зөвлөл, Цагдаагийн газрын хамт олон угтан авсан байна. Тамирчинд үзлэг хяналт хийсэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч сувилагчид түүний биеийн байдал хэвийн тогтвортой сайн байна гэдгийг мэдэгдсэн байна.
Дөрвөн хүүхдийн эх, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан малчдын тэсвэр хатуужлыг харуулахаар нийт малчдаа төлөөлөн хийж байгаа гүйлтээ өнөөдөр Номгон сургуулийн гаднаас үргэлжлүүлэх аж. Ч.Цэгмид өнөөдрийн байдлаар тооцооллоосоо 5 км түрүүлэн гүйж байгаа бөгөөд өдөрт 30 км гүйсээр зургадугаар сарын 04-ний өдөр Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөж байна.
Малчин Ч.Цэгмид өчигдөр Улаанбаатар рүү гүйлтээ үргэлжлүүлсэн гэх албан бус мэдээлэл байгаа юм. Чухам хаана гүйлтээ үргэлжлүүлж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.