Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч, Абу-Дабигийн эмир Халифа ибн Заид Аль Нахайян 73 насандаа таалал төгссөн билээ.
2004 онд эцэг Зайед бин Султан аль-Нахайянаа таалал төгссөний дарахан тус улсын хоёр дахь Ерөнхийлөгч болсон тэрээр 2014 онд зүрхний шигдээс тусаж, хэд хэдэн удаа томоохон хагалгаанд орж байсан юм. Энэ өвчнөөсөө хойш тэрээр олны өмнө гарч ирэх нь цөөрч, дүү Мухаммед бин Зайд Ан-Нахайян, нь төрийн эрхийг барих болсон. Харин одоо дүү нь тус улсын албан ёсны төрийн тэргүүн болжээ.
Таалал төгссөн шейхийн ард гэргий нь, 8 хүүхэд нь, мөн олон хамаатан садан нь үлдээд байна. Тэд 40 хоногийн гашуудлын дараа талийгаачийн өмчийг хуваан авна. Яагаад гэвэл түүнд үлдээсэн хөрөнгө өчнөөн бий.
$150 саяын хөрөнгөтэй гэж үнэлэгдэж байсан Халифа ибн Заид Аль Нахайян асар олон тооны үл хөдлөх хөрөнгө дэлхийн өнцөг булан бүрт худалдан авчээ. Зөвхөн Лондонд л гэхэд тэрбээр 150-аад барилга байгууламжтай.
Британийн нийслэлээс түүний худалдан авсан хамгийн тансаг барилгад Аскот-Плейс шилтгээн орно. XVIII зуунд баригдсан, Нэгдсэн Вант Улсын хааны ордноос холгүйхэн ордог энэ ордныг шейх 1989 онд худалдан авсан ч ганц л удаа очиж үзжээ. Бүр тодруулбал, бүтэн өдрийг л энд өнгөрөөсөн гэдэг.
Халифа ибн Заида Аль Нахайян зарим ордондоо очиж огт үзээгүй. 20-иод жилийн өмнө Испаниас $20-30 саяар авсан шилтгээндээ саатаж байгаагүй ч ордны үйлчлэгчид нь эзнээ хэзээ ч ирж мэднэ гээд үргэлж бэлтгэлтэй байдаг байв.
Шейхэд түүнчлэн дэлхийн хамгийн том моторт хөлөг онгоц байдаг байжээ. Германы хөлөг онгоц үйлдвэрлэгчид 2013 онд барьсан энэ хөлөг онгоц төмөр замын 12 вагон нийлүүлсэнтэй адил буюу 180 метр урт.
Үүнээс гадна таалал төгссөн ерөнхийлөгчийн нэр дээр дэлхийн хамгийн өндөр барилга болох Дубай байрладаг “Бурж Халифа” байдаг. Энэ барилга нь 163 давхар юм.
Шейх амьд ахуйдаа улс орныхоо нефть олборлолтын 80%-ийг хянадаг байсан. Түүнчлэн хөрөнгө оруулалтын хамгийн том Abu Dhabi Investment Authority санг эзэмшдэг байжээ.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Э.Марта