Малайзын хууль сахиулах ажилтнууд өчигдөр (2017.03.03) Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр саатуулсан Хойд Солонгосын иргэн Ри Чон Чолыг сулласан байна. Түүнийг энэ хэрэгт буруутган, яллах хангалттай баримт байхгүй гэж тус улсын Ерөнхий прокурор Мухамед Апанди-Ал мэдэгджээ. Мөн тэр Ри Чон Чолыг суллаад Малайзаас хөөж гаргана гэсэн байна.
Суллагдсан этгээд Малайзад хууль бусаар оршин сууж байсан юм байна. Малайзын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар сэжигтэн Ри хэрэг гардаг өдөр Хойд Солонгосын өөр дөрвөн иргэний хамт Куала-Лумпурын нисэх онгоцны буудал дээр байсан бөгөөд энэ дөрвөн хүн Ким Чен Намын аллагад гол үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй аж.
Харин Куала-Лумпур дахь Элчин сайдын яамны гадаа Хойд Солонгосын Засгийн газрын төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Вьетнам болон Индонезийн хоёр иргэн хохирогчийг химийн хорт бодисоор хордуулж хөнөөсөн гэх мэдээлэл худлаа. Хохирогч зүрхний шигдээсийн улмаас амиа алдсан байх магадлалтай” гэсэн тайлбар хийсэн байна. Түүнчлэн “Малайзын талаас Ким Чен Намын цогцсыг нэн яаралтай Хойд Солонгосын талд шилжүүлэн өгөх”-ийг шаарджээ.