“Тунгалаг Тамир” киноны Итгэлт баян, “Мандухай цэцэн хатан”-ы Сатай сайд зэрэг олон сайхан бүтээлээр ард олныхоо зүрх сэтгэлд мөнхөрсөн, БНМАУ-ын Ардын жүжигчин, тайз дэлгэцийн алтан үеийн авъяаслаг уран бүтээлч, монгол түмний хайртай жүжигчин Аюурзанын Очирбат гуай бурхны оронд оджээ.
Тэрбээр 1928 онд Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. 1950 оноос Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж эхэлжээ. 1950 оноос Улсын Хүүхэд Залуучуудын театрт жүжигчинээр ажиллаж У.Шекспирийн “Ромео, Джульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллер “Дээрэмчид” жүжгийн Франц Мор, Д.Намдаг “Хярааны хонхорт” жүжгийн Харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээж, “Баавгай дуулах уу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга”, “Хүү”, “Бригадын дарга”, “Бор, Төмөр хоёр” зэрэг жүжгийн зохиол бичсэн юм.
Талийгаачийн хийж бүтээсэн ажлыг төр засаг өндрөөр үнэлж 1971 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 1988 онд БНМАУ-ын Ардын Жүжигчин цол хүртээсэн билээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.