Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Ажлын хэсгийн зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх тооцоо, судалгаа хийж, авах арга хэмжээний санал боловсруулах юм.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийг хүртээмжтэй болгохын тулд 124 чиглэлд 1432 автобус явуулах буюу чиглэлийн тоог 23, автобусны тоог 447-гоор нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Мөн цаашид ямар автобусыг үйлчилгээнд нэвтрүүлбэл ашигтай вэ гэдгийг судалжээ. Цахилгаан автобус анхны хөрөнгө оруулалт өндөр боловч удаан хугацаандаа ашигтай гарсан байна.
Өдгөө нийтийн тээвэрт бүртгэлтэй байгаа 1240 автобусны 75 хувь нь 10-аас дээш жил болсон бол 18 хувь нь 7-9 жил болжээ. Харин таван хувь нь 4-6 жил, 0.7 хувь нь 1-3 жилийн насжилттай байна. 2009 онд хуучин 400 автобусыг оруулж ирснээс хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй. Энэ жил 500 гаруй автобус жагсаалтаас гарахаар байгаа бөгөөд шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс энэ онд цахилгаан хөдөлгүүртэй 150, дизель хөдөлгүүртэй 441, нийт 591 автобус авч, парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 60-ыг худалдан авсан боловч хил дээр саатаад байгаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор такси тээврийн үйлчилгээг хөгжүүлж, менежментийг сайжруулах болон гадаад, дотоодын санхүүгийн эх үүсвэрээр нийтийн тээврийн автобусны паркийг шинэчлэх асуудлыг Засгийн газар, НИТХ-д танилцуулахаар боллоо. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн худалдан авах ажиллагааг наймдугаар сарын 25-ны дотор багтаан, холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, Засгийн газар, холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов. Нийтийн тээврийн шинэчлэлээр орж ирэх цахилгаан болон дизель хөдөлгүүртэй автобусын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх саналыг боловсруулж, 14 хоногийн дотор Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг даалгалаа.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах алба