АН-ын маргаан үргэлжилсээр л. Нэг хэсэг Цогтгэрэлийн АН, Тулгатын АН гэж тодотгогдож байлаа. Тэгвэл одоо С.Эрдэнэ, Х.Баттулга нар өөрсдийн биеэр гар чирж, АН-ын хэн авах вэ гэх “зодоон”-ыг эхлүүлээд байна.
Х.Баттулга сонгууль хийж, АН-ын дарга болж, намын тамга тэмдэг хүлээн авч, дээд шүүхэд материал хүргүүлж, мэдэгдэл хийгээд байна. Харин Х.Баттулгаар ахлуулуулсан АН-ынхны үйл ажиллагаа хууль бус гэдгийг С.Эрдэнэ мэдэгдэж, дээд шүүх шүүхэд намын дүрмийг бүртгэсэн. Ингээд С.Эрдэнэ АН-ын албан ёсны даргаар хүлээн зөвшөөрөгдсөн.
Тэгвэл дээд шүүх ийнхүү С.Эрдэнийн өгсөн хүсэлтийг шийдвэрлэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн асуудлыг Х.Баттулгын АН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй. Албан ёсоор хурлаа хийсэн Х.Баттулгыг намын даргаар бүртгэх ёстой гэх байр сууринд байна.
Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ “2024 онд АН шинэ лидертэй, шинэ багтай сонгуульд орно” хэмээн “Зууны мэдээ” сонинд ярьжээ. Тэрбээр “Манай намын Үндсэн дүрэмд тухайн сонгуупьд олонх болж чадаагүй бол бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх заалт бий. Энэ асуудлаар 2020 оны долдугаар сард Үндсэн дүрмийн хороо тайлбар гаргасан. Одоогийн аль нэг дэд даргаар дамжуулж дараагийн сонгогдсон даргад тамга тэмдэг өгөх нь дүрмийн зөрчилтэй байна гэж үзсэн. Тэгэхээр одоо үүрэг гүйцэтгэж байгаа намын дарга дараагийн сонгогдсон даргад тамгыг шилжүүлж өгнө гэж үзсэн. Гэвч дараагийн дарга тодорсонгүй.
Бид дүрмийн өөрчлөлтийг хоёр удаа өргөн барьсан. Дээд шүүхийн бүртгэсэн шинэ Үндсэн дүрмээр зохион байгуулалтаа хийнэ. АН ротациа ч хийж чадаагүй хоёр жил боллоо. Үндэсний бодлогын хороо, Дотоод сонгууль, аймаг, дүүргийн хороо гээд бүгдийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан. Эндээс шинэ бүрэлдэхүүн гарч ирж шинэ бодлого тодорхойлно. Дүрмийн өөрчлөлтөөр сонгуулийн хариуцлага хүлээх заалт орсон. Төлөөллийн төв байгууллагын санал хураалтаар орж итгэл үзүүлэх эсэх нь шийдэгдэхээр байгаа. Гэхдээ энэ анхан болон дунд шатны хүмүүст үйлчилнэ. Миний хувьд хэчнээн дүрмээр шинэ өөрчлөлт орсон ч гэсэн хуучин дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Дараагийн лидер, багийг тодруулаад тамгаа хүлээлгэж өгнө. Мэдээж намын гишүүн хэвээрээ байж үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоно. 2024 онд АН шинэ лидертэй, шинэ багтай сонгуульд орно” хэмээв.
Б.Ирээдүй