Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүнс хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн 82 цэцэрлэг, 14 сургуулийн, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ нь Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 71 цэцэрлэг, найман сургуулийн хүнс хангамжийг хариуцдаг.
Автомашины түгжрэл болон түгээлтийн автомашины хүрэлцээ, мөн сургууль, цэцэрлэг нэмэгдсэнтэй холбоотойгоор Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулах хэрэгцээ, шаардлага бий болсон байна. Үүнтэй холбоотойгоор “Хан-Уул хүнс хангамж”, “Чингэлтэй хүнс хангамж” ОНӨААТҮГ байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраа танилцууллаа. Эхний удаад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй бөгөөд цаашид сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд төсвөөс хараат бус, бие даан үйл ажиллагаа явуулах боломжтой аж.