Нийслэл хотод цас бударсан, сэрүүн өдөр тохиож байна. Та бүхэнд цастай өдөр цангинуулан уншмаар шүлгийг хүргэж байна.
Л.Өлзийтөгс
Үстэй малгайн дороос
Үстэй алчууран дороос
Уруул, нүд харагддаггүй болохоор
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Цасанд даруулж бөхийсөн хүмүүс
Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс
Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх
Царайлаг ч байж мэдэх хүмүүс
Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг
Хүйтнээс нуугдсан дулаахан үг
Хүмүүсээс ичсэн нүцгэн мод…
Хаана байна аа, тэр улаан, ногоон
Хаа сайгүй л цагаан.. цагаан
Өвөл чамд гунигтай санагддаг уу?
Өвөл надад гунигтай санагддаг.
Б.Галсансүх
Өвөл чамайг өнөөдөр гашуудан оршуулавч
Өчигдрийнх шигээ дахиад л амь орно
Өвөл чамайг ирэхэд үл ялиг өтөлсөн би вээр
Өмнөөс чинь тосон хаалгаа хараал тавин тайлна.
Р.Эмүжин
Шинэхэн цасны үнэр
Хуучин гудамжинд нэлхийхэд
Шидэт үг мэт дэнлүүний дор
Орь ганцаар хоцроход
Жавартай үдшийн салхи
Эрт, эдүгээг тууж одоход
Жаргалтай үеийн аялгуу
Энгэр заамнаас урсахад
Хуучин амрагийн үлдээсэн сүрчгийг
Шинэхэн болзоонд анхилуулж
Шидэт үг мэт дэнлүүний дор
Шөнийн турш зогслоо
Хуучин цасны үнэр
Буцах замд нэлхийж
Шинэхэн амрагийн гутлын чимээ
Араас нэхэх нь тээртэй
Б.БАЯСГАЛАН
Үд дундын бороо
Түр зуурын цас
Зам зуурын яриа
Үнэргүй амтат
Өнгөгүй гэрэлт учралууд
Бүгдэд нь хайртай.
Хормогчоо өмсөөд л
Хоол цай бэлдэж
Хонгорхон минь чамтай хоёрыг гурав,
Хорвоог дүүрэн болгоно гэж итгэсэн.
Шагайвчаар оргон зугтаж
Шар айраг ууж, сайхан шүлэг бичиж
Таарамжгүй нэгнээ өдөөн хатгаж
Тамхи баагиулж, хоосон амлаж
Нүдэнд минь нулимс зурсан чамайг
Ор тас мартаад
Одоо л жинхэнээсээ инээмсэглэмээр…
Д.НЯМСҮРЭН
Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно…
1 comment
Цастай өдрийн ЦАСНЫ тухай шүлгүүд – updown.mn
kjnstidtdv http://www.ga576s520tq01aonsw16pnm0ya70547fs.org/
akjnstidtdv
[url=http://www.ga576s520tq01aonsw16pnm0ya70547fs.org/]ukjnstidtdv[/url]