Нийслэлийн статистикийн газраас мэдээлж буйгаар, нэг килограмм хонины ястай мах дунджаар 6560, үхрийн ястай мах 7800 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.9 хувиар буюу 220 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буюу 170 төгрөгөөр өсчээ.
Үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна. Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10 мянган төгрөг байна. Хонины ястай махны хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 40 төгрөгөөр өсч, хонины цул махны үнэ 2.6 хувиар буюу 175 төгрөгөөр буурчээ. Хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгийн үнэтэй байгаа бол “Меркури” хүнсний захад 8500 төгрөг байна.