Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтийн хэлэлцүүлгийг аймаг, орон нутагт зохион байгуулах асуудлаар УИХ-ын Тамгын газрын Удирдлагын зөвлөл хуралдлаа.
Хурлын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулах бэлтгэлийг сайтар хангах, орон нутагт ажиллах Ажлын хэсгүүдэд техник, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйн туслалцааг өндөр түвшинд үзүүлэх, Удирдлагын зөвлөлийн гишүүд манлайлж оролцох, Засгийн газар, аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газартай уялдаа холбоотой ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахад туслалцаа үзүүлэх Тамгын газрын Ажлын хэсгийг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулан байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах Ажлын хэсгүүд аймаг, орон нутагт 2017.07.31-нээс 08.28-нд, нийслэлийн дүүргүүдэд 08.15-31-ний хооронд ажиллах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.