УОК-ын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хариу арга хэмжээ авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг ЭМЯ, ХӨСҮТ-д хариуцуулах шийдвэр гаргажээ.
Ингэхдээ үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх шаардлагатай мэдээллээр Улсын онцгой комиссыг тогтмол хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан нарт үүрэг болгосон байна.
Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн нэг гол асуудал нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмийн бүтээгдэхүүний хомстол үүсэхээс сэргийлж татан авах ажлыг тогтмол зохион байгуулах тухай байв.
Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.
Өнөөдрийн байдлаар 12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа аж.
Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс өдгөө 15 аймгийн 75 суманд вакцинжуулах ажлыг өрнүүлж буй бөгөөд мал төллөж байгаа энэ цаг үед эх малыг вакцинжуулахыг түр хугацаагаар хойшлуулсныг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун танилцуулжээ.
Холбогдох албаныханд малын гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх үүрэг өгсөн байна.