Монголын эдийн засагт энэ хавар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт идэвхжих хүлээлт бий. Харин ид бүтээн байгуулалтын үе эхлэхтэй зэрэгцэн барилгын гол түүхий эдийн үнэ тэнгэрт хаджээ. Тухайлбал, бидний дотооддоо үйлдвэрлэх цементийн үнэ 30 гаруй хувиар огцом нэмэгдсэн. Тэгвэл уг асуудлын талаар Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаатай ярилцлаа.
–Барилгын голлох суурь бүтээгдэхүүн болох дотоодын цементийн үнэ өсчихлөө. Энэ өсөлт юунаас болсон бэ?
–Дотоодын цементийн үйлдвэрүүд өнгөрсөн долоо хоногт үнээ нэмэх шийдвэрийг гаргасан. Цар тахлын өнгөрсөн хоёр жилд манай цементийн үйлдвэрийнхэн тодорхой хэмжээгээр үнээ өсгөөгүй. Тогтвортой байж, бүтээн байгуулалтад өөрсдийн үүргийг гүйцэтгэсэн. Мөн маш олон хүний ажлын байрыг хадгалж чадсан. Бид хил хаалттай байх хугацаанд дотооддоо үйлдвэртэй байх давуу талыг үнэхээр сайн ойлгосон. Харин үнэ нэмэгдсэн гол шалтгаан нь урд хил хаалттайгаас цементийн үйлдвэрүүдийн бүх сэлбэг хэрэгсэл, туслах материалын үнэ нэмэгдсэн, тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэн, их хэмжээний ам.долларын зээл авсан ч эргээд ханшийн алдагдалд орлоо. Мөн цар тахлын хоёр жилийн хугацаанд манай аж ахуйн нэгжүүд төрийн цахилгааны хөнгөлөлтөд хамрагдаагүй зэрэг энэ бүх гаднын хүчин зүйлс үнийн өсөлтөд нөлөөллөө. Компаниуд энэ алдагдлаа өнөөдрийг хүртэл өөрсдөө үүрч явсан.
Нөгөө талаас төр засгаас дотоодын үйлдвэрүүдэд авч хэрэгжүүлэх уян хатан бодлого хэрэгтэй байна. Жишээлбэл, сэлбэг хэрэгсэл дээр гаалийн НӨАТ-аас хөнгөлөх, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэргээр энэ цаг үед таарсан бодлого үгүйлэгдэж байна. Сая валютын ханшийн алдагдалд ч мөн төрөөс бодлогын чанартай зүйлсийг дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдэд үзүүлсэн бол байдал арай дээр байх байлаа. Мэдээж үйлдвэрлэгчид үнээ нэмэхийг хүсэхгүй шүү дээ. Гэвч одоогийн нөхцөл байдал аргагүй, гаднын нөлөө их байна. Үйлдвэрлэл явуулна гэдэг хоёр тоосго нийлүүлээд тавьчих зүйл биш. Бүхэл бүтэн технологи ажиллана, бүхэл бүтэн түүхий эд тэнд нөөцлөгдөж байдаг. Үйлдвэрийн технологи бүгд хэвийн ажиллаж байж хэвийн явна. Тээврийн зардлын нөлөө ч байгаа.
–Ингэж огцом 30 гаруй хувиар нэмэх хэр зөв байсан бол. Зарим барилгын компанийн төлөөлөл энэ өсөлтөө бага багаар эсвэл урьдчилж хэлж болохгүй байсан уу гэж лавлаж байсан?
-Он гарснаас хойш Барилга хот байгуулалтын яаманд үйлдвэрлэгчидтэйгээ үнэ нэмэхгүй байх талаар уулзалт хийсэн. Харин саяны Хөгжлийн банкны зээлийн асуудал хөндөгдөж, гарч ирлээ. Энд олон талын гаднын нөлөөлөл гарч ирсэн. Манай үйлдвэрүүд ханшийн алдагдалд орсон ч хүлээцтэй зөвшөөрч, зээлээ төлөхөө илэрхийлсэн. Гэтэл гаднын гэнэтийн бусад олон хүч нөлөөлж хамгийн түрүүнд МАК шийдвэрээ гаргаж, дараагаас нь бусад үйлдвэрүүд гаргаад явсан. Үнэ нэмэхгүй байх талаас үйлдвэрлэгчид хичээж, яам холбоодтой хамтарч уулзалт хийсэн ч гаднын хүчин зүйлээс шалтгаалж энэ байдал үүслээ. Урьдчилж хэлэх боломж байсангүй.
–Цаашид дахиж өсөх үү?
-Дахиж нэмэгдэх эсэхийг сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үеийн өөрсдийнх нь эдийн засгийн боломж нөөц, сэлбэг хэрэгсэл, шатахууны үнэ зэргээс шалтгаална. Гэхдээ нэг хэсэгтээ бол тогтвортой байна гэж бодож байна. Гэхдээ бид чинь дотооддоо үйлдвэрлэл явуулж байгаа юм байж, яагаад үнээ нэмээд байгаа юм бэ гэж хэлж болохгүй шүү дээ. Тэнд бүхэл бүтэн том аж ахуй үйлдвэрлэл явуулж, олон асуудлыг шийдээд явж байгаа. Иймд шууд үнээ нэмж болохгүй гэх эрх төрд ч байхгүй, холбоонд ч байхгүй. Тэр бол аж ахуйн нэгжийн өөрсдийнх нь зохицуулах зүйл. Харин үүний оронд бид аль болох дэмжлэг үзүүлж, төрөөс тэдний үйл ажиллагаанд тодорхой хөнгөлөлттэй бодлогыг оруулаад явбал үнэ тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.
–Барилгын материалын энэ өсөлт цаашлаад орон сууцны үнэд нөлөөлөх сөрөг үр дагавартай. Та энэ талаас юу гэж харж байна?
-Ер нь одоо ч орон сууцны үнэ өндөр болчихсон байгаа. Гэхдээ энэ ганцхан цементээс шалтгаалахгүй. Барилгад хэрэглэж байгаа 1000 гаруй төрлийн материалаас шалтгаална. Өнөөдөр бид цемент, арматур дээр ач холбогдол өгч байгаа болохоос импортоор авдаг материал зөндөө бий. Тэдний үнэ нь ч мөн адил нэлээд өссөн.
–Тэгвэл бусад бараа бүтээгдэхүүний өсөлтөд юу нөлөөлж байна?
-Арматурын тээвэрлэлтийн асуудал хэцүү болсон. Урдаас арматур орж ирэх боломжгүй болсон. Хойд хөршөөс оруулж ирж байсан боловч саяхан Оросууд арматурын үнээ нэмсэн. Ер нь импортын бараанд хамгийн чухал нөлөөлөх асуудал бол тээвэр ложистик. Энэ талд уян хатан байлгах хэрэгтэй. Өнөөдөр урд хил хаалттай, хойд хил ямар байгаа билээ. Үүнийг ч бас харах хэрэгтэй. Энэ бүхэн нөлөөлөхгүй байх ямар ч боломжгүй. Бид үйлдвэрлэгч бус импортлогч орон.
–Нөхцөл байдлын хувьд үнийн өсөлттэй холбоотойгоор таны хувьд юу гэж дүгнэж байна?
-Монголд барилгын материал үйлдвэрлэдэг 450 гаруй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж бий. Барилгын импортын ихэнх хувийг шил, сангийн материал, дээврийн материал эзэлж байна. Импортлогчдын тээвэр ложистикийг төрөөс тодорхой хэмжээнд зохицуулж өгөөсэй. Ингэхдээ сугалаагаар явуулах бус эм, эмнэлгийн материалыг хамгийн түрүүнд татаад байгаа шиг улирал нь болчихлоо, барилгын материалаа хурдан татъя гэх асуудлыг хөндөх хэрэгтэй байна. Нийлүүлэлт ихэсвэл эрэлт нь багасч үнэ буурна. Жишээлбэл, цементийн үйлдвэр гэхэд хамгийн дээд тал нь 40 хувь хамгийн доод тал нь 25-28 хувиар үйлдвэрийн хүчин чадлаа ашиглаж байна. Энэ хүчин чадлыг нэмэгдүүлэх барилгын салбараас бусад салбарт цементийг ашиглавал үр дүнтэй. Жишээлбэл, цементээр бетонон зам хийж болно. Өмнө бид Сонсголонд энэ төрлийн зам хийсэн шүү дээ. Энэ маягаар үйлдвэрүүдийн ажиллах хүчин чадлыг нь нэмэгдүүлээд ирэхээр өртөг буурна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: itoim.mn
1 comment
Дарханы замыг авсан Хятад цементээ Монголоос авдаггүй хятад цементийн үйлдвэрээс авдаг гэж бна,. / мглд Налайхын , Жкнкогийн ивээлд бдаг цементийн үйлдвэрээс//
Яагаад бусад үйлдвэрээс нь адилхан авч бодохгүй гэж… Хятад ийм л бодлого явуулдаг . Алсуураа хужаа ийм шүү дээ…