Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан ба Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.
Хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинг “шар” түвшинд буулгах асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагч, цар тахлаас болж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсад ирэхээ хүлээсэн эрхэм жуулчдаа. Өнөөдөр Засгийн газар хуралдаж, цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо.
Монгол Улсад ирэх хөрөнгө оруулагч, жуулчдын хувьд, хэрэв та вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Вакцинд магадгүй та хамрагдаж чадаагүй бол Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах боломж нээлттэй гэдгийг зарлаж байна. Эрхэм хөрөнгө оруулагч, жуулчид аа, Монгол Улсын төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд хүндрэл бэрхшээлгүй, шуурхай ажиллаж, Монгол Улсад саадгүй хүрэлцэн ирж аялах бүхий л бололцоог хангахын төлөө хамтдаа хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг илэрхийлж байна” хэмээн мэдэгдэв.