Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны ээлжит тооллого улс орон даяар эхэлж байна. Монгол Улсад 200 мянга гаруй аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг ч тэдний 50 хувь нь татвараа төлж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 60 орчим мянган аж ахуй нэгж Х тайлан өгдөг байсан тоо 90 мянга болж нэмэгдсэн мэдээлэл байгаа гэнэ.
Энэ удаагийн тооллого нь зөвхөн ААН-ийн тоог гаргах бус Монгол Улсын эдийн засгийн цогц судалгаа байх болно гэж Үндэсний статистикийн хороо, МҮХАҮТ найдаж байгаа аж. Мөн Covid-19 цар тахлын нөлөөлөлд автан дампуурсан аж ахуйн нэгжүүдийн тоог гаргах, эдийн засгаа сэргээх гарцуудыг тодорхойлоход чухал хэрэгтэй учраас аж ахуйн нэгжүүдийг тооллогод идэвхтэй хамрагдахыг тус газруудаас уриаллаа.
Тооллогод цахимаар оролцоход анхаарах зүйл:
toollogo.1212.mn сайтад аж ахуй нэгжүүд болон хувиараа бизнес эрхлэгчид “etax” буюу татварын мэдээллийн сангийн бүртгэлээрээ нэвтэрнэ. Хэрэв бүртгэлгүй бол emongolia-д бүртгэлтэй эрхээрээ хандах боломжтой.
Энэ удаагийн тооллогыг төрийн байгууллагын мэдээллийн санг уялдуулж авч байгаа. Асуулга нийт есөн бүлэг 380 гаруй асуулттай. Байгууллагууд ямар инноваци хэрэгжүүлж, цаашид ямар зорилготой ажиллах төлөвтэй байгаа болон үйл ажиллагаа явуулахад төрөөс үзүүлж буй хүндрэл зэргийг асуулгад оруулж өгчээ.
Мөн аж ахуйн нэгжүүд шаардлагатай мэдээллээ 75331212 утсаар авах боломжтой юм байна.