Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы Баасан гаригийн хуралдаан дээр уул уурхайн салбарт нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асуусан УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуулгад Засгийн газрын төлөөлөл хариулт өглөө. Гишүүдийн асуултууд дунд шинэ төмөр замын бүтээн байгуулалт, төмөр замын царигийн асуудал өмнөд хөрштэй харилцан тохиролцох шаардлага дагуулж байгааг сайд нар мэдэгдлээ.
Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар: Төмөр замын алдагдсан боломж гэдэг дээр бид судалгаа хийх шаардлагатай. Тавантолгой-Ганшуунсухайт чиглэлийн төмөр замыг барьснаар жилд 15-20 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцоолол хийсэн. Авто машинаар тээвэрлэхэд нэг тонныг 32 орчим ам.доллараар тээвэрлэж байна. Төмөр замыг ашиглалтад оруулснаар Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт хүртэл 8 орчим ам.доллар, хил гаргахаар 55 орчим цент зарцуулна гэж тооцож байгаа. Ингээд нийт 8.5 ам.доллараар хүргэнэ. Тэгэхээр тээврийн зардал дөрөв дахин буурна гэсэн үг. Хэрвээ нарийн цариг наашаа орж ирсэн тохиолдолд шилжүүлэн ачилтад 3 орчим ам.доллар зарцуулна. Жилд 30 орчим сая дорллараас ашиг олох боломжтой.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын асуудлаар нэгдсэн ойлголттой явахгүй бол болохгүй. 2014 онд нарийн царигын төмөр зам барина гээд хоёр улсын дээд түвшинд тохиролцсон. Гэтэл манайхан сүүлд нь өргөн царигын төмөр зам тавьчихсан, хятадын талаас нарийн цариг тулаад ирчихсэн. Үүнээс болоод царигын зөрүүний асуудал өнөөдөр яригдаж байна. Энэ нь 13 км зам тавих асуудал. Огтлолцох цэг Ганц мод дээр байх уу, Гашуунсухайтад уу гэдэг дээр ярилцаж байгаа.
Хоёрт, Гашуунсухайтын асуудлыг Засгийн газраас Сангийн сайдад хариуцуулсан. Цаашид Сангийн сайд энэ асуудлыг хариуцаад явна. Гашуунсухайтыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө гаргаж байж, ойрын ирээдүйд ямар түвшинд гаргах вэ гэдгээ тогтох шаардлагатай. Чингэлэг тээврийн терминал байгуулчихсан, ирэх жилээс тэнд төмөр замаар нүүрс бууна. Хамгийн ихээр тооцвол 35 сая тонн нүүрсний асуудал байгаа юм билээ. Жолоочгүй агаарын тээврийн асуудал ч яригдаж байгаа. Энэ бүх асуудлыг цогцоор нь авч үзэж, нэг мөр шийдэх шаардлага тулгарч байна гэсэн хариулт өгөв.
Зүүнбаянгийн төмөр зам 414, Гашуунсухайт 238 км. Нийт 600 орчим км төмөр замыг өргөн царигтай барьсан. Нөгөө талтай өндөр дээд түвшинд тохиролцож байж царигийн асуудлыг шийднэ гэдгээ байнга хэлж байгаа.
Гашуунсухайтын асуудлыг Сангийн сайдад хариуцуулсан. Цаашид Гашуунсухайтын асуудлыг Сангийн сайд хариуцан ажиллана. Ер нь Гашуунсухайтыг хөгжүүлэх төлөвлөгөөг гаргаж байж цааш явахгүй бол болохооргүй болчихсон. Одоо терминал гэдэг юм байгуулсан. Ирэх жилээс төмөр замаар нүүрс зөөнө. Гашуунсухайт дээр үүсээд байгаа өнөөдрийн хүндрэлтэй асуудал бол ердөө ковид. Урд айл өвлийн олимп хийх гэж байгаа. Гаднаас ковид оруулахгүй байх нь улс төрийн нэг номерын ажил гэчихсэн. Ковид илэрсэн тохиолдолд хаалтын арга хэмжээг авч байгаа хэмээн мэдэгдэв.