Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа энэ сарын 10-ний ням гарагт 07:00-22.00 цагт болно.
Энэ удаагийн сонгуулийг коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд сонгуулийг зохион байгуулж буй. Иймд Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын тогтоолын дагуу “Коронавируст халдвар/Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх түр журам”-ыг мөрдлөг болгон ажиллана.
Коронавируст халдварын улмаас тусгаарлагдсан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогч болон бусад иргэдээс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах юм. Санал авах ажиллагааг өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:00-20:00 цагт зохион байгуулна. Хоёр тойрогт нийт 2774 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргаад байна.
Тухайлбал Хэнтий аймагт 50747 сонгогч санал өгөхөөс коронавирусийн улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 1333 сонгогч саналаа өгөхөөр хүсэлтээ ирүүлжээ. Үүнээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 63,1-д заасан үндэслэлээр 539 сонгогч, коронавируст халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа 190 сонгогч, гэрээр эмчлүүлж байгаа 412, тусгай чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа 31, тусгаарлалтад байгаа 161 сонгогч хүсэлтээ ирүүлсэн гэж Хэнтий аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.