Улсын хэмжээнд АИ-92 шатахуун ховордсонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумьяабазар нар буруутай. Тэд “Эрчис ойл” компани байгуулан импортлогчдоос 100 тэрбумын хөрөнгө татахыг завдсан гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд гарсан.
Ерөнхий сайд болон Хотын даргын дарамтанд орсон шатахуун импортлогчид хариу арга хэмжээ авч, шатахуунаар бойкот хийсэн байхыг ч үгүйсгэх аргагүй хардлага мэдээллийг даган гарч байсан юм. Юутай ч ОХУ шатахуун нийлүүлэх ажлаа урагшууллаа. Гэвч шатахууны импортыг урагшуулсан асуудал дээр улс төрийн шоу явагдаж, улс төрчид болон нефть импортлогчид эв донжийг нь тааруулан реклам хийцгээж байгааг иргэд харж байна.
Харин өчигдөр болсон “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эрчис ойл” нэртэй компанийг даган гарч ирсэн дуулианд хариулт өгснийг онцлон хүргэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар: Шатахуунтай холбоотой асуудал сүүлийн үед иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа. АИ-92 бензиний хэрэглэгчийн 70 хувь нь нийслэлд бий. Шатахууны томоохон зах зээл нь Улаанбаатар хот гэсэн үг. Нөөцийн асуудлыг ийм хэмжээнд хүргэнэ гэдэг бол дордсоны шинж гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан хүний хувьд харж байгаа. “Эрчис ойл” компанитай холбоотой асуудлыг зарим сэтгүүлч өөрсдийн өнцгөөс мэдээлэн, нийгэмд худал ташаа ойлголт түгээж байна.
Тухайн компанийн дотоод зохион байгуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй мөртлөө буруу зөрүү мэдээлэл өгч, хүнийг гутаан доромжилж байгаад маш их харамсаж байгаа. “Эрчис ойл” компанийг байгуулснаар өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг тогтворжуулах бодлого гаргасан.
Үүний үр дүнд тухайн үед намайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхад шатахууны үнийг тогтвортой түвшинд барьсан. Ингэснээр 52 тэрбум төгрөгийг ард түмнийхээ халаасанд үлдээж чадсан юм. Үнэ тогтвортой байсан, цаашдаа ч тогтвортой байх бололцоотой байлаа.
Харамсалтай нь тухайн үед байсан төрийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж чадаагүйн улмаас үнийн асуудал дээр цэвэр бодлогын алдаа гарсан гэж харж байна. Үүнээс үүдэн хангамжийн асуудал дээр ч цэвэр бодлогын алдаа гарлаа. Үнийн хамгаалалт дээр хийсэн гэрээг үргэлжлүүлсэн бол өнөөдөр АИ-92 бензин 1600 төгрөгөөс дээш өсөхгүй байсан юм.
1550-1600 төгрөгийн хооронд үнийг барих боломжтой байлаа. Үүнтэй уялдаад шатахууны хангамжийн асуудлыг тогтвортой барих бүрэн бололцоотой байв. Зөв зүйлүүд дээр нь төрийн залгамж халааг үргэлжлүүлэх ёстой гэдэг нь үүнээс харагдаж байна. Шатахууны нөөц бол байгаа. Тодруулбал, 17 мянган тонн буюу хагас сарын хугацаатай шатахууны нөөц хангалттай бий.
Шатахууны салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгжүүд хэт болгоомжлон, бензин хилээр орж ирэхгүй байх магадлалтай гэж урьдчилан сэргийлсний улмаас ийм асуудал үүссэн гэж харж байгаа. “Эрчис ойл” компанид хувийн оролцоо нэг ч байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна. Тус компани бол газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулах чиг үүрэг бүхий газрын тосны үйлдвэр дор худалдааны эрхтэйгээр байгуулсан охин компани.
Олон улсад газрын тосны үйлдвэрийн гаргасан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд худалдаалах эрхтэй охин компаниуд байдаг. Үүний нэг жишээ нь “Роснефть”. Энэ бол ирээдүйг харсан зөв алхам байсан гэдгийг өөрийн зүгээс баттай хэлмээр байна. Үүнд ямар нэг хувийн сонирхол байхгүй. Хувийн сонирхлоор орох, оруулах ямар ч боломж байдаггүй гэдгийг хэлье.