Зах зээлд шатахууны хомсдол нүүрлэж, Улаанбаатарын автозамын түгжрэл 20-30 буурч, ШТС-уудад оочер нэмэгдсэн цаг үед Засгийн газар, нефть импорлогчид шатахууны эрэлд мордсон билээ. Өчигдрөөс чихэнд чимэгтэй мэдээ цацагдаж, удахгүй шатахууны хомсдол арилах нь гэсэн найдварыг төрүүлээд байгаа юм.
Москвад “Роснефть” компанийн удирдлагуудтай уулзалт хийж яваа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр өнөөдөр Zindaa сайтад шатахууны талаар нааштай мэдээ авснаа дуулгажээ.
Энэ амралтын өдөр (2021.09 сарын 25-26) Ангарскийн нефтийн үйлдвэрээс 1500 тонн шатахууныг Монгол Улс руу гаргана гэж тус сайтад мэдээлсэн байна. Шатахуун хагас сайн өдөр ОХУ-аас ачигдахад ирэх мягмар гарагт Монгол Улсад ирнэ гэж тооцож болно гэж Уул уурхайн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.
“Роснефть” компани энэ сард ачигдаагүй хойшлоод байсан 10 мянган тонн АИ-92 болон 44 мянган тонн АИ-92 бензинийг аравдугаар сард нийлүүлнэ гэж өчигдөр Москвад болсон уулзалтад оролцогчид мэдэгдсэн байдаг.
Тус компанийн Ангарск дахь нефтийн үйлдвэр засварт орсон, ОХУ-д Думын сонгууль болсон, газрын тосны үнэ өсч байгаа тул тус улсын Засгийн газар эхний ээлжинд дотоодын хэрэгцээгээ хангах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа нь шатахууны экспортод нөлөөлсөн гэж Оросын тал мэдэгдсэн байна.