Цаг уур орчны шинжилгээний газраас өчигдрөөс баруун аймаг, тариалангийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж эхэллээ. Есдүгээр сарын сүүлийн хоногуудад зарим газраар хөрсөн дээр цочир хүйтэрч, цаг агаарын аюулт үзэгдэл болох магадлалтай байгаа аж.
Цочир хүйтрэл зарим нутгаар эхэлсэн бөгөөд энэ нь төмс, хүнсний ногоо, үр тарианд ургац хураалтад сөрөг нөлөө үзүүлдэг аж. Өчигдөр оройноос эхлэн баруун аймгуудын нутгаар цаг агаар муудаж салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж байна.
Өнөөдөр, маргааш хоёр хоног нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсч болзошгүй. Завханы нутгаар, Хөвсгөл, Булган аймгийн хойд хэсгээр маргааш нойтон цас орж, салхины эрч ширүүсэх тул малчид, тээвэрчид сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Завханы нутгаар хүчтэй салхины улмаас шон нурах, зам хаагдаж болзошгүй. Цаг агаарын аюултай үзэгдэл болох магадлалтай ч гамшгийн хэмжээнд хүрэх нөхцөл бүрдээгүй гэж Цаг уур орчны шинжилгээний газар мэдэгдсэн байна.
Энэ сарын 25-26-нд шилжих шөнө тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар нойтон цас орох ч ургац дарагдах хэмжээний их цас орохгүй. Цаг агаарын таагүй үзэгдэл ургац хураалтад нөлөөлнө гэж тус газар анхааруулжээ.