Дотоодын зах зээлд шатахууны хямрал нүүрлэж байгаатай холбогдуулан өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд импортлогчидтой хаалттай уулзалт хийлээ. Үүний дараа Засгийн газраас мэдээлэл өгч байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Г.Ёндон “Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ 92 бензин хэрэглэдэг бөгөөд 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ хамгийн багадаа 28 мянган тонн шатахууныг ОХУ өгөх ёстой гэсэн байдаг. Гэвч наймдугаар сарын сүүлээс энэ хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж мэдэгдэн, 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн.
Иймд бид хэрэгцээгээ хангахын тулд БНХАУ-ын талтай манай улсын таван аж ахуйн нэгж гэрээ хийсэн. Өнөөдрийн байдлаар сар гаруйн хугацааны хэрэглээний нөөцийг авахаар мөнгөө төлж, вагоны кодоо авсан байв. Бид ямар нэг хомсдол үүсгэхгүйгээр шатахуун авах байлаа.
Гэвч ОХУ-аас есдүгээр сарын 16-нд аравдугаар сарын 1-н хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй болсноо хэлсэн. Үүнтэй хэрэгцэн БНХАУ-ын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Иймд нөхцөл байдалдаа тохируулж, аж ахуйн нэгжүүд хязгаарлалт хийсэн” гэлээ.