Шатахууны хомсдол бий болох шинжтэй болчихлоо гэхэд ард түмнийхээ өөдөөс ширтэж байгаад “Үгүй ээ, бидэнд 30 орчим хоногийн нөөц бий” хэмээн ам бардам мэдэгдсэн АТГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр, түүнд энэ мэдэгдлийг хийх эрх олгож, цэнхэр дэлгэцийн өмнө түлхэн гаргасан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар үнэнд гүйцэгдэв. Шатахуун хомсдож, ШТС-ууд АИ-92 болон бусад төрлийн бензинийг хязгаартай худалдаалаад хоёр долоо хоног орчим болсон ч нийтээрээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэн эрхт түшмэлийн үгэнд итгэж, тэвчээртэй хүлээсэн юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдээс байдал бишдэж, ШТС-уудын аравны нэг нь шатахуун борлуулж, ингэхдээ 30.000 төгрөгөөс дээш давсан борлуулалт хийхгүй гэсэн хатуу хязгаар тогтоогоод эхэлсэн. Шатахууны зах зээлд үүссэн хүндрэл, бензиний хомсдолыг харзнаж, тэвчээртэйгээр хүлээсэн видео багтай хэвлэлүүд өнөөдөр бүгд гудамжинд ажиллаж байна.
Зарим аймгуудад шатахууны үнэ нэмэгдсэн. Тухайлбал Өвөрхангай аймгийн төвд ”Идэрийн ундраа” ШТС-д 2280, “Хүннү” ШТС-д 2350, “Шивээт Хужирт” ШТС-д 2400, “Арвайн сод ундарга” ШТС-д 2280, “Эх нутгийн буян” ШТС-ууд АИ-92 бензинийг 2280 төгрөгөөр борлуулж эхэлсэн байгааг Монцамэ агентлаг мэдээлжээ.
Улаанбаатар хотын дүүргүүд, төв болон хотын зах дахь ШТС-уудад оочер дугаарлалт ихэсч, бухимдсан иргэд Засгийн газар, Ерөнхий сайдын арчаагүйг, нефть импортлогчдийн дээрэнгүйг гайхаж байна.
Нөхцөл байдал тоглоом биш болсон гэдгийг дөнгөж өнөөдөр ухаарсан Ерөнхий сайд Төрийн ордонд албатуудаа цуглуулан бужигнаад эхэлжээ. Шадар сайд С.Амарсайхан болон Сангийн сайд Б.Жавхлан, АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзсан байна. Өчигдөр Монголын нефть, хийн үндэсний ассоциацийн Д.Алтан-Очир тэргүүтэй нөхөд ОХУ руу шатахууны хэлэлцээ хийхээр явжээ.
Мөн Төрийн ордонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайдаа дагуулчихсан дээр нь Сангийн сайд Б.Жавхлан, АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нар шатахуун импортлогчидтой хаалттай уулзалт хийж байна.